Миний эхнэрийн турсан түүх

Үүнийг би амьд үлдсэний дурсгалд зориулж бичиж амой.

Мэдээж, би хүүхнүүдийн байгаагаасаа илүү сайхан харагдах гэдэг хүсэл эрмэлзлийг ойлголгүй яахав. Гэхдээ тэдний өөрөө төдийгүй өрөөл бусдыг ч гэсэн сайхан болгох гэдэг дэндүү гэмээр гаж санаархлыг нь ойлгодоггүй юм.

Шинэ жилээр эхнэр бууз хуушуур, салаад, бялуу, жигнэсэн тахиа гээд хорвоогийн хамаг л калорилог бүхнийг хүртсэний гайгаар бүсэлхий нь 3 см бүдүүрчихсэн юм байх. Хүний нүүр харж чадахаа больсон бололтой.

Эхний өдөр

Эхнэр оюутан ахуйдаа өмсөж асан жинсэн өмдөө гаргаж ирэн углаад хөмхий зуун товчлох гэж оролдов. Чи сургууль төгсөөд 5 жил болсон шүү дээ гэсэн биш дүлийртлээ алгадуулав. Би яасан юм бэ?

Удаахи өдөр

Эхнэр галзуурсан бололтой. Өөрөө л турдаг юм байгаа биз бусдыг чирэх ямар хэрэг байнаа. Хөргөгчинд байсан махыг хүнд өгч, хагас дутуу идээд орхисноор нь Банхарыг хооллов. Банхар баярласандаа сүүлээ огсойлгон саахалзаж, хөл газар хүрэхгүй хөөрцөглөв. Орой бүгдээрээ давсгүй агшаасан будаа идэв. Идэв ч гэж дээ мишилээр хараагүй бол юу идсэнээ мэдэхгүй өнгөрөх байв. Хадам авгай эхнэрийг дэмжиж байгаа гэж жигтэйхэн.

Гутгаар өдөр

Ажилдаа явах биш бараг л гүйлээ. Цайны цагийг тэсэн ядан хүлээв. Ажлынхан намайг өрөвдсөн харцаар шилбүүрдэнэ. Хэн нэг нь эхнэр хоол хийдэггүй ээ гэж шоолов. Шоолох юмаа мөн олов оо. Орой хадам аав хүн шиг хоолломоор байна гэж шаардав. Эхнэр түүнд жигнэсэн лууван өглөө. Ямар охин өсгөснөө харж байгаа биз дээ. Аавдаа шүү…

Дөтгөөр өдөр

Банхар гадагшаа гарлаа. Салхилах гээгүй л байх. Хөөрхий минь, хорон санаат эзэгтэйнхээ өгөөмөр сэтгэлийг хэдийн мартаа байлгүй. Гэр бүлийн гишүүний хувьд цагаан хоол идэж байгаа. Гуйлгачилахаар гарав бололтой. Гудамжнаас ч шар буурцгийнх биш, жинхэнэ мах олдох нь гарцаагүй.

Тав дахь өдөр

Хадам ээж бас ч үгүй хүн юм аа. Эхнэрийн сонор сэрэмжийг алдуулан хэдэн баавгайтай чихэр оруулж ирж чадав. Дуртай чихэр нь л дээ. Гайгүй тэгж байгаад авч өгнөө. / Үгүй ээ, би юу даа, хадамдаа юу, ингэж ч доошоо орох гэж. Ий ий ийий/ Эхнэр бүсэлхийгээ хэмжиж дуусахаар нь юунд ингэж өөрийгөө зовооно гэсэн биш дэлдгэртээ иллэг хийлгүүлэв. Дүнгэнээд л ….

Зургадугаар өдөр

Залхаж гүйцлээ. Эхнэртээ эр хүн сайтар хооллох хэрэгтэй гэж тайлбарлаад тайлбарлаад юу ч олж долоосонгүй. Махан толгой хадам аав ажлаасаа ирээд салат-байцаа идсэнийхээ дараа энэ амьдралд чинь цадчихлаа гэв. Худлаа жүжиглэж дууссан бололтой.

Долоо дахь өдөр

Хурай. Баасан эгчийн төрсөн өдөр. Пиав ууж шарсан тахиа идэх өдөр. Хурай. Үгүй гэнээ. Эхнэр утасдаж гэрт хийх юм их байна шүү гэж хүйтэмсэг, заналхийлсэн өнгөөр хэлэв. Турж үхмэр чинь нэг нь турвал бүгдээрээ хорчийх ёстой гэж хаанаас олж сонсоо вэ. Орой хадам ээж жорлон руу дохихоор нь хамт орвол юу ч дуугаралгүй хиам талх сарвайв. Нулимс цийлэгнээд баярлалаа, ээж ээ гэчихсэн байв. Жинхэнэ баатар-ээж. Хаа нууж чадав аа.

Найм дахь өдөр

Баларсаан. Банхар тагтан дээрээс хэдэн борц олоод авч. Шөнөжин шүлсээ савируулан химлэхий нь сонсов. Булаая гэвч ойртохоос ч аймаар. Нойр хулжаад атаархаж үхэх шахав. Өглөө өлөн нүдэлсэн хадам ээж найз авгайндаа очихоор явав. Хадам аав хамт гарч тамхи авъя гэв. Булан тойрмогц тэссэнгүй ээ. Хуушуурын гуанз руу уралдан гүйлдлээ… Бүгд гэртээ гэдэс цатгалан баяр хөөртэй ирэв. Өлсөж уурласан эхнэр жингээ үзэж байв. Жингийн хөлдүү зүү жаахан ч болов зүүншээ хөдөлдөггүй шүү.

Ес дэхь өдөр

Гамшиг гэж энэ байх. Эхнэрийн найз хүүхэн торт дарс бариад ирвэл эхнэр түүнийг цанасан хятад байцаагаар дайлсанд нүд нь духан дээрээ гарчихав. Би тэр ховч хэрүүлч хүүхнийг арай тийм гэж санаагүй. Торт руу сарвайхын завдалгүй чи нээрэн турчихаж гэж тэнэгтдэг байгаа, бүдүүн авгай чинь. Конец фильм, концерт дуусаа. Хүүхнүүд биендээ тал засч ингэж манжилдгийг мэднэ л дээ. Гэхдээ өнөөдөр байхдаа яахав. Ахиад л гуанзанд үлдээж асан будаагаа зүүдэлж хонохоос. Чи ч хүн юм даа. Шуудруулж өгсөнд баярлалаа.

Арав дахь өдөр

Эцсийн буудал дөхөж байх шиг. Эхнэр шүүгээнээс өнөө өмдөө гаргаж ирээд өмсвөл шууд оров. Товчлох гэж зовсонгүй. Сонин л юм даа. Нэг ч см тураагүй гэдгийг нь би мэдэхгүй бол хэн мэдэх билээ. Хадам аав ээж бие биенээ зальтайхан хяламхийхийг үзээд сая ухаарав. Ээжийн уран гар, аавын оёдлын машин мандтугай. Баяр хөөр болсон эхнэр надад хоол хийж өгсөнд таваг дотроос нар мишээх шиг болов. Цааш юу болсныг санахгүй байна. Эхнэр ахиж биднийгээ тамлахгүй байх гэж найдна. Би тэр хэдэн см-т биш гагцхүү эхнэртээ л хайртай юмсан.

Үүнээс хойш удалгүй би өнөө өмдийг нь холхон аваачиж нуусан юм. Хаана гэдгийг Банхар мэдсэн ч тэр надаас хэзээ ч урвахгүй.

Эх сурвалж: Буулгарь блог

2 responses to “Миний эхнэрийн турсан түүх

  1. хөөрхөн юмаа. би ч гэсэн эргэн тойрноо чангалдаг хүмүүсийн нэг ш д ээ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s