Алга бологсод

Ойрд ингэж сайхан амарсангүй. Нам унтчихаж, бүр нам шүү. Юу ч зүүдэлсэнгүй. Сүүлийн үед байнга л араас хэн нэгэн элдэн хөөж байна гэж хар дараад байснаа ч мартлаа. Сайхаан. Нар аль эрт мандчихаж…Ингэхэд нээрэн яагаад сэрүүлэг дуугарсангүй вэ? Өө тийм ш дээ өнөөдөр чинь хагас сайн. Бямба гариг, үгүй гараг гэх юм болов уу? За за тэр монгол хэлний дүрэм ямар хамаа байна. Осолгүй л дэлхийн одон орон судлаачид жилийн өмнө нарны аймаг 8 гаригтай гэж дуу нэг зөвшөөрчихөөд байхад л, манайхан хүүхдүүддээ 9 гаригтай гэж заагаад л байгаа юм даа.
Чөтгөр…Цонхон дээр хэн хар хөшиг татчихдаг байнаа. Ааахан ингээд сайхан нарны гэрэл…Ёох бөөн эерэг энерги айн…Хэ хэ хэ…Салхивчаа ч нээчихье. Шороо амтагдсан миний сайхан эх ороон…Хүмүүс намайг ингэж хэлэхээр яагаад инээлдээд байдаг юм бол?…Хөшиг байтугай өглөө угаасан үс, өдөр тоос шороонд даруулдаг. Хүн байтугай хөдөө хээр мал сүрэг нь ч бэлчих газаргүй…Аая яа яа…Лут зохиох нь байна шүү…Би ингэхэд багш болоогүй бол гайгүй дориун зохиолч болох байжээ. Хэ хэ хэ…За байз энэ нэг л бишээ…
Нам гүм.
Яагаад манай хэд таг чиг байна. Өдийд уг нь нөгөө гурван дайсны цэрэг өрөөг минь аль хэдийн эзлээд, намайг морь болгочихсон унаж байх ёстой.
– Хөөе аймхай Америкийн шонхрууд аа…Та нар хаана нуугдаад байна?
Хариу байдаггүй шүү. Ээжтэйгээ дэлггүр явсан юм болов уу? Ийм эрт үү? Цаг дөнгөж 7 болж байна. Эсвэл босоогүй байгаа юм болов уу?
Гурван өрөө байр. Нэгжээд байх олон шкаф сав үгүй. Манай хэд алга. Юу болсон юм бол? Арай манай хадмын бие…Үгүй ээ тэгсэн бол намайг сэрээлгүй яахав. За байз ингэхэд манай зурагт, хөгжим, DVD тоглуулагч бас гэрийн утас алга байх чинь.
Яанаа хулгайч?!…Манайд дээрэмчид орж ирээд, хамаг юмыг маань аваад, эхнэр хүүхдүүдийг минь барьцаалчихаж. Цагдаа дуудъя. Хурдал хурдал…Гар утас минь хаана байна…Алга. Гарч л тусламж хайхаас…Яанаа, миний зулзаганууд яаж байгаа бол? Бурхан минь…
– Авраарай…туслаарай.
Хэн ч гудманд үгүй. Хот дув дуугүй. Шувуу ч, тэр ялаа ч тэр үгүй. Хүмүүс бас хааччихав аа…?
– Хөөе туслаарай…
Дэлхий сөнөчихөж….Бурхан минь, яг тэгж. Нөгөө кинон дээр гардаг шиг харь гаригийнхан амьд амьтдыг бүгдийг нь устгаад, харин байшин сав, идэж уух юмнуудыг үлдээчихэж. Тэгээд би гав ганцаархнаа амьд үлдсэн хэрэг үү? Яг л нөгөө Уйл Смитийн “Би домог” кино шиг. Чөтгөр…Зүйрлэх юмаа мөн олов оо?
За ямарч байсан тайван. Энд жоохон суугаадахъя. Сандарч болохгүй. Тайван. Юуны түрүүнд утас юм уу богино долгионы станц ч юм уу, ямар нэгэн холбоо барих юм олъё.
Харамсалтай нь харь гаригийнхан утас байтугай компьютер, зурагт радио, гэрэл чийдэн, гудамжны рекламны самбарууд бүр машин тэрэг, байшингийн лифтийг хүртэл хуу хамаад авчихаж. Маш цэвэрхэн авсан байна. Бүр кабель утас антеннууд хүртэл ор сураггүй.
Байз Армагеддон гэдэг чинь үхэхийн тулд төрсөн, биш ээ Апокалипсус шинээр төрөхийн тулд үхэх гэсэн үг байхаа. Хүн төрөлхтөнийг зэрлэг балмад үе рүү нь аваачихна л дээ, энэ муусайн харь гаригийнхан. Ямар амьтад байгаа бол. Үл үзэгдэгч юм болов уу? Тэгээд энэ олон тэрбум хүнийг хаашаа аваад явчихав? Арай бүгдийг нь устгачихсан баймааргүй. Арай ч дээ. Түй түйминий хүүхдүүд, хань ижил.
– Хүүхдүүд минь аавынхаа төлөө сайн залбираарай.
Байз !? Эхнэр маань дуугарах шиг боллоо. Гэр лүүгээ очих хэрэгтэй. Хурдхан гүйе.
– Ээж ээ, аав хааччихсан юм бэ?
– Аав нь холын холд явчихсаан. Маш хол.
Гэрт хэн ч алга. Харин хайртай хань хүүхдүүд маань хоорондоо шивнэлдэх нь сонсогдоно.
– Та нар минь хаана байнаа. Би яваагүй ээ. Байна. Аав нь энд байна. Хонгор минь та нар хаана байнаа. Та нарыг хааш нь аваад явчихав. Хүүхдүүд минь…
Бурхан минь. Би тэдний яриаг сонсож байна. Харин надад хэн ч хариулахгүй юм.
– Яагаад? Ээж ээ аав бидэнд хайргүй болохоороо хаяад явчихаж байгаа юм уу?
– Үгүй дээ, хайртай байлгүй яахав.
– Тэгээд яагаад хол явж байгаа юм бэ? Би аавыгаа санаж байна.
– Би бас аавтайгаа л хамт баймаар байна.
– Би ч гэсэн…Аавыгаа явуулмааргүй байна. Хааш нь ч.
Тэнгэр минь, би хол яваагүй, явахгүй. Хайртай та нарынхаа дууг сонсож байна. Та нарыг минь хэн, хааш нь аваад явчихав. Хааш нь? Яах вэ? Яах ёстой юм бэ? Ээ чааваас тэднийгээ хамгаалж аварч чадсангүй. Чөтгөр ав. Гав ганцаархнаа амьд яваад яах юм бэ? Намайг аваад явахгүй яасан юм бэ?
– Эмээ эмээ…ээж аавыг хол явсан гээд байх юм. Аав хэзээ ч биднийг орхиж хол явахгүй дээ.
– Тиймээ хүүхдүүд минь, холын хол явчихсан. Эвий эвий…Та хэд юу ойлгохов дээ, нээрэн. Гэхдээ эмээ нь хэлэхээс…Бурхан өршөөг аав нь нас барчихсан.
– Эмээ нас барна гэхээр өөр ертөнцөд очдог гэсэн үг, тийм ээ?
– Тийм ээ, өөр ертөнцөд очдог. Одоо бидэнтэй хамт байхгүй. Ишш чааваас та нар минь яана даа. Ямар ч балчир юм бэ дээ?
Солиотой…Уйлмаар ч юм шиг…Тэнэгтээд…Хаачсан нь дээр вэ? Бүү мэд. Духаа илэхийг хүссэн ч би гар, дух хоёроо мэдэрсэнгүй. Уг нь духаа ганц удаа илчихвэл…Өөр ертөнц гэнээ, даанч унтахын өмнө амьдрал хачин сайхан санагдаад байсан юмаа. Чөтгөр алгад.

Эх сурвалж: Бизнэт.. Ален Арман

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s