Нарны тос аюултай юу

sun
Хэт ягаан туяаны илүүдэл арьсанд сөргөөр нөлөөлж, хугацаанаасаа эрт хөгшрөх үйл явц болон арьсны хорт хавдрын эх үүсвэр болохыг шинжлэх ухаан хангалттай баталсан. Тийм ч учраас хүмүүс зуны улиралд наранд гарахдаа төрөл бүрийн брэндийн нарны хэт ягаан туяанаас хамгаалах элдэв тосыг хөлийн улнаасаа толгой хүртэл битүү шахам түрхэн, өдөр тутмын хэрэглээгээ болгох болсон.

Анх АНУ болон Европын орны иргэд нарнаас хамгаалах тос, хэрэгслийг наран шарлагын газарт өргөнөөр ашигладаг байв. Харин өнөө үед гоо сайхны хэрэгсэл, бүтээгдэхүүнүүд бүгд л нарны хэт ягаан туяанаас хамгаалагчтай болсон. Бие, нүүрний арчилгааны бүтээгдэхүүнүүдээс гадна уруулын будаг, шингэн, хуурай энгэсэг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн бүгд л нарны хамгаалагчтай гэх. Энэ нь мэдээж гоо сайхнаа хамгаалахаас гадна эрүүл мэнддээ ч анхаарч буй хэрэг мөн. Гэвч нарны хэт ягаан туяанаас хамгаалагч бодис бүхий эдгээр бүтээгдэхүүн аюултай гэх үндэслэл бүхий таамгууд өнөө үед нэлээд яригдах боллоо.

Учир нь нарны тос хамгийн анх буюу хангалттай удаан хэрэглэгдэж буй АНУ болон Европт сүүлийн гурван 10 жилд арьсны хорт хавдраар өвчлөх хэмжээ эрс өсч буй нь ажиглагдах болж. Тухайлбал, 1970-аад оны эхэн үед меланом /арьсны хорт хавдар/-ийн хэмжээ АНУ-ын 10 мянган цагаан арьстан тутамд зургаан тохиолдолтой байсан бол 2000 оны эхэн үед энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Тэгвэл Европт энэ хугацаанд меланомын үелзэл бараг тав дахин ихэсчээ.

Эл гунигт баримтыг тайлбарлахад гурван таамаглалыг дэвшүүлжээ. Нэгдүгээр таамаглалд мэргэжилтнүүд төрөл бүрийн хүчин зүйлс нэрлэсэн бол нарны хамгаалалттай тос болон түүнд агуулагдаж буй химийн бодисуудыг буруушаан хоёрдугаар таамаглалд дурджээ. Харин гурав дахь таамаглалд нарны хэт ягаан туяанаас хамгаалах бодисууд бус түүнийг хэрхэн хэрэглэж буй нь аюул үүсгэх хүчин зүйл болдог гэжээ.

Бардамналаас улбаатай наран шарлага
1960-аад оны үед цагаан арьст европчууд ихэд бахархдаг асан арьсныхаа төрөлх өнгийг өөрчлөх гэж бүхий л чадлаараа хичээх болов. Энэхүү зорилгын хөдөлгөгч хүч нь хүний жирийн нэг бардамнал байжээ.

Хувьсгалын өмнөх үе хүртэл хүн амын цөөнгүй хэсэг нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажилладаг байсан тул хөдөлмөр эрхлэлтийн байдал тухайн хүний хэн болохыг илтгэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, талбай дээр удаан хугацаагаар ажиллаж, наранд борлож, харшсан хүмүүс нийгмийн доод давхаргынхан гэдэг нь илт мэдэгдэнэ. Гагцхүү дайны дараах он жилүүдэд /1950-иад оны үе/ ард түмэн нарны туяа үл нэвтрэх үйлдвэр, заводод ихээр ажиллах болжээ. Энэ үед наранд борлуулсан арьс моодонд орж, баячуудын бэл бэнчинг илтгэх нэгэн бардамнал болов. Нар, салхины бараа хардаггүй, үйлдвэрийн ажилчин шиг бус наран шарлага, амралт сувиллын газраар амарч, цэнгэж яваад борлосон царайтай болохыг хүсэгчид олшров. Гэвч арьсныхаа өнгийг тодорхой хугацаагаар ч атугай өөрчлөх тийм амар зүйл биш байв. Арьсаа боруулах явдал хэн нэгэнд хурдан бөгөөд элдэв сөрөг үр дагаваргүй хялбархан бүтэж байхад заримд нь түлэгдэх, арьс хуулрах зэрэг нэлээд бэрхшээлтэйгээр тусч байжээ. Иймэрхүү бэрхшээлийн улмаас гоо сайхны үйлдвэрлэгчид арьс борлолтыг зогсоодоггүй хэрнээ түлэгдэлтээс хамгаалагч гоо сайхны шинэ бүтээгдэхүүн бүтээн олноо танилцуулав.

Энэхүү гайхамшигт шинэ бүтээгдэхүүний ачаар наран дор удаан хугацаагаар байх боломжгүй хүмүүс ч хүссэнээрээ нарлаж, арьсаа сэтгэл ханатлаа борлуулж байлаа. Гэвч хожим мэргэжилтнүүдийн тодруулснаар, ямар ч тохиолдолд наранд удаан хугацаагаар орших буруу байж.

Хэт ягаан туяаны цагаан толгой
Нарны туяагаар дэлхийд хүрч буй хэт ягаан туяаг A, В гэж хоёр ангилж болно. Энэ хоёрын ялгаа туяаны энерги болон арьсанд хэр гүн нэвчих байдалд оршдог. Хэт ягаан туяа /UV/-B нь нэлээд их энерги агуулдаг тул арьсыг богино хугацаанд түлэгдэлтэд хүргэнэ. Энэ төрлийн туяаг удаан хугацааны туршид аюултай хэмээн тооцож байсан бөгөөд тиймдээ ч нарнаас хамгаалах бодисыг анх үүний эсрэг бүтээж байсан. Гэвч өнөө үед UV-B нь арьсанд гүн нэвчдэггүй, учруулсан сөрөг нөлөө нь хожим хорт аюулгүй хэмээн тогтоожээ. Түлэгдсэн арьс эхлээд цэврүүтэн, бөмбөлгүүдээр хучигддаг агаад дараа нь тэр нь хагарснаар арьсанд аюул үүсгэх эсүүдийг гадагшлуулдаг байна.

Тэгвэл А төрлийн хэт ягаан туяа эрс өөр нөхцлийг үүсгэдэг. Анх ашигтай хэмээн тооцогдож байсан
борлуулж чадах ч түлэгдэх хүртэл энергийг агуулдаггүй. Гэвч А төрлийн туяа нь арьсны гүн хэсэгт нэвчин орж, биологийн молекулуудыг гэмтээдэг болох нь тогтоогджээ. Өмнө нь хүмүүс түлэгдэлтээс эмээн наранд удаан хугацаагаар оршиж чадахгүй түр зуурын, арьсны гадна хэсгийн гэмтэл авч байсан бол нарны UV-B туяанаас хамгаалагчтай тос бий болсноос хойш хүмүүс наран шарлагын газар хэдэн цагаар хэвтэх болж, UV-A туяаг гүн нэвчих боломжоор хангах болжээ.

Хэт ягаан туяаны юу нь аюултай вэ?
UV-А ба UV-B-ийн аль нь ч биологийн молекулуудыг шимж, фотохимийн урвалд орох боломжтой. A туяа нь арьсны гүнд нэвчин орсноор арьсны уян хатан, торгомсог байдлыг хангагч уургийн молекулуудыг чөлөөт радикал болгон хувиргаж чаддаг. Үүний дүнд уургийн ширхгүүд өөр хоорондоо холбогдож, гаж хүрээ үүсгэн энэ нь аажимдаа арьсны жирийн байдлыг алдагдуулж, үрчлээ үүсэх нөхцөл болдог. Хэт ягаан туяаны нөлөөн дор бүрэлдсэн гаж холбоосууд байгалийн жамаар хөгшрөх үйл явцаас эрт илэрдэг. Мөн гэмтсэн ДНК-ээс үүдэлтэй эсүүд аажимдаа хорт хавдрын үндэс болох талтай.

SPF-найдвартай бус үзүүлэлт
1990-ээд оны үед нарнаас хамгаалах өргөн хүрээний бүтээгдэхүүн бий боллоо. Эл бүтээгдэхүүн зөвхөн UV-B ч бус UV-A туяанаас ч хамгаалах хүчин чадалтай. Гэвч бас нэгэн асуудал тулгарав. Наранд боролсон адил урьдын адил сайханд тооцогдож байсан тул хүмүүс наранд арьсаа борлуулах хүсэлтэй хэвээр байлаа. Гэвч UV-B болон UV-A туяанаас хамгаалах хэрэгсэл түрхвэл ямар ч борлолт үүсэхгүй. Тиймээс аюулгүй шарлагыг мөрөөдөгчид нарнаас хамгаалах хүчин зүйл өндөртэй, тайвшруулагч хэрэгслүүдийг онцгойлон үнэлэх болов.

SPF/нарнаас хамгаалагч хүчин зүйл/ өндөртэй хэрэгслүүдийн тусламжтайгаар борлолт удаан хэрнээ явагдаж байв. Үнэн хэрэгтээ SPF нь хамгаалах үр дүн тийм ч найдвартай биш хэдий ч хүмүүс аюулгүй борлолтын төлөө сонгосоор л байна. Хэт ягаан туяаны дор арьсны анхны улайлт хэр удаан явагдахаар нь SPF-ийг үнэлж болно. Жишээ нь нарнаас хамгаалах хэрэгсэлгүй үед улайлт 20 минутын дараа эхэлдэг. Тэгвэл 10 хувийн хамгаалалттай нарнаас хамгаалах тос хэрэглэсэн үед улайлт 200 минутын дараа үүснэ. Тэгэхээр арьсны улайлт UV-B туяаны нөлөөн дор л үүсдэг бол нарны хамгаалалтын хүчин зүйл зөвхөн UV-B хамгаалалтын үр дүнг заадаг.

Орчин үед нарнаас хамгаалах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ саван дээр UV-А туяанаас хамгаалах төвшинг таван одны системээр илэрхийлэх болсон. Одны тоо их байх тусам хамгаалалт өндөртэй гэсэн үг. Гэвч SPF илүү түгээмэл, алдартай хэвээр байгаа тул хэрэглэгчдийн анхаарлыг тийш татсан хэвээр байна. Үүний зэрэгцээ SPF өндөртэй бүтээгдэхүүн түлэгдэлт, харлалтаас найдвартай хамгаалдаг ч UV-A туяаны нэвтрэлийг зогсоодог эсэх нь тодорхойгүйгээс гадна хүмүүс энэ тухайд төдийлөн сонирхдоггүй.

Аюултай коктейль
Арав гаруй жилийн туршид уйгагүй сурталчилсны дүнд нарнаас хамгаалах хэрэгслүүд хүний өдөр тутмын хэрэгцээний чухал хэрэглүүр болж чадсан. Ялангуяа барууны оронд нарны тосгүйгээр далайн эрэг явах зүрхтэн байхгүй.

Тэгвэл эл чухал бүтээгдэхүүн үнэн хэрэгтээ юу болохыг судлаад үзье. Нарнаас хамгаалах хэрэгслүүд нь UV шүүлтрүүд агуулдаг. Энэ нь арьсанд нэвчих UV туяаг багасгадаг бодисууд юм. UV шүүлтүүрийг бие махбодийн болон органик бус гэж ялгаж болно. Органик бус шүүлтүүрт цайрын исэл, титан зэрэг хамаардаг. Бие махбодийн UV шүүлтүүр харшил өгч, сөрөг нөлөө үзүүлдэггүй. Мөн UV-A, UV-В туяаг нэвтрүүлдэггүй. Өмнө нь бие махбодийн UV шүүлтрүүд үл уусах томоохон хэсгүүд агуулдаг байсан тул арьсыг цагаан өнгөөр буддаг байсан. Харин одоо тэдгээрийг маш жижиг нано хэсгээр хийх болсон тул ямар ч өнгөгүй, арьснаас ялгарах зүйлгүй болсон. Органик буюу химийн UV шүүлтүүр нь 100 хүртэлх болон түүнээс дээш хамгаалалтын хүчин чадалтай байж болох бөгөөд гоо сайхны ямар ч бүтээгдэхүүний найрлагад орж болно. Тухайлбал, тос, гель, шампунь, биеийн шингэн тос, цацдаг шингэн, үс хэлбэржүүлэгчийн найрлагад ч орох болсон. Гэвч эдгээр бүтээгдэхүүн бүгд арьсанд хор хөнөөлгүй байж чадахгүй. Ялангуяа органик шүүлтүүрүүд харшил өгч, төрөл бүрийн арьсанд тохирохгүй байх нь элбэг.

Төрөлх хамгаалалт
Хэрвээ нарнаас хамгаалах хэрэгслүүд хортой юм бол яах вэ гэж үү? Хүний арьс хэт ягаан туяаны өмнө огт хамгаалалтгүй зүйл бус. Тодорхой хэмжээний төрөлх хамгаалалт хүн бүрт бий. Гагцхүү ухаалгаар арьсаа борлуулах нь зүйтэй. Арьсан дээрх бараан нөсөө толбо хамгаалах үүрэгтэй.

Арьсны нөсөө толбо хэр их байна, төдийчинээ хамгаалалт өндөр гэсэн үг. Бараан, бор арьстай хүмүүс жигд сайн борлохоос гадна түлэгдэлт багатай байдгийн учир энэ. Харин цайвар, шар арьстай хүмүүс түлэгдэлтэд өртөмхий тул нарнаас хамгаалах тос хэрэглэсэн эсэхээс үл хамааран болгоомжтой байх нь зүйтэй. Хамгаалалт сайтай, муутай ямар ч хүн хурц наран дор удаан орших нь буруу. Нарны гэрэл хүнд зайлшгүй шаардлагатай. Хэт ягаан туяа нь D аминдэмээр хангаад зогсохгүй яс, булчингийн зөв хөгжлийг бүрэлдүүлдэг. Мөн хэт ягаан туяаны бага зэргийн нөлөө арьсны дархлааг сайжруулж, арьсны олон төрлийн өвчинг анагаах шидтэй.

/Биологийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Анна Марголина АНУ, Редмонд хот/
Ц.Мөнхжаргал

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s