Байгаагаар минь хайрла /өгүүллэг/

Сайхан залуутай гэрлэж, таарч тохирсон аятайхан хосууд шүү гэж хэлүүлэхийг охид болгон хүсдэг нь нууц биш. Болороо ч мөн тэгж боддог. Сургуулиа төгсөөд жил гаруй болсон тэрээр нутаг буцалгүй, хөлсний байранд амьдарч мэргэжлээрээ ажиллаж, ирээдүйн гэр бүлээ хотдоо төлөвлөх санаатай урагшилсаар л… Элдэв стиль, эрхэмсэг дүр төрх түүний чухалчлах зүйл биш. Бор царайтай жижгэвтэр биетэй, жирийн л нэг охин. Өөрөөр хэлбэл энгийн юм агуу байдаг гэсэн зарчмыг баримтлахыг хичээдэг. Гэнэт нэг өдөр түүний амьдралд эргэлт гарч, хүсэл мөрөөдлийн ханхүү нь гараад ирэх нь тэр дээ. Царайлаг, соёлтой, боловсролтой залуу. Болороог яаж тоосийм гэмээр. Болороо ч үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Тиймдээ ч түүнтэй уулзах болгондоо хэлэх үг, хийх үйлдлээ бодож ёстой л шалгалт өгөх аятай л юм болно.

Үүнийг нь анзаарсан тэр хавийн охид:
-Энэ Болороо, тэнгэр өөд ингэтлээ дүүлэн нисч, мөрөөдөж байж хүчтэй газардаж шархдах вий дээ. Ийм сайхан залуу Боло-роотой суух уу, ёстой нөгөө ашиглана гэдгийн оргиналь жишээ мөн дөө гэж шивэр авир ярьж атаархуу зангаа дэвэргэнэ.

Өмнө нь хүнтэй тэгтлээ дотносож үерхэж байгаагүй болохоор эрэгтэй хүнтэй яаж харьцаж, юу ярьж хэлэхээ ч сайн мэдэхгүй учраас дурлалын ангууч гэгдэх Сараа найзаасаа зөвлөгөө авч тэр бүгдийг нь хэрэгжүүлэх гэж хичээнэ.

-Эмэгтэй хүн эрхэмсэг агаад даруу байх хэрэгтэй. Ямар ч юман дээр уян хатан байж, төрөлх чанараа хадгалж боловсон байх хэрэгтэй. Хэрэв дотносож үнсэлцэхдээ хүрвэл ялдам энхрий эхэлж, бага зэрэг давшингуй өрнүүлэхэд буруутах зүйлгүй. Хамгийн гол нь мэдрэмжтэй байгаарай, гэхдээ цаашаа алхаж болохгүй.

Эмэгтэй хүн үнэ цэнээ хадгалах хэрэгтэй гээд зөвлөнө.

Тэдний харьцаа үргэлжилсээр. Болороо ч түүндээ гүйцэд таалагдахын тулд шаардлагатай үед худлаа хэлж, түүний өмнө мэдлэгтэй боловсон царайлж, өөртөө байхгүй зан гаргаж өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өөрөө өөрөөсөө улам бүр холдож буйгаа мэдэрч байлаа. Гэхдээ зарим нэг залуучууд шиг 3-н өрөө байрандаа ганцаараа амьдардаг, хувийн компанитай, 2-3 сургууль төгссөн гэж далайцтай давуулж хэлээгүй ч, дургүй зүйлээ дуртай болгож, өөрт байхгүй зүйлээ байлгах гэж хичээх нь Болороод том асуудал болж байлаа.

Маргааш түүндээ яаж хандаж, ямар хувцас өмсөж, яаж алхаж гишгэх вэ гэж бодсоор хийх ажил, хүсэл мөрөөдлөө гээнэ…

Өөрөөсөө дээгүүр хүнд санаархаж өөрийгөө ингэж хэн ч биш болгож байснаас араас гүйж өчнөөн жилийг үдэж байгаа савсагнуур Сайхнаатайгаа үерхдэг ч байж уу. Учир зүггүй үсчдэгийг эс тооцвол яг л миний хэмжээнд таарах хүн гэсэн бодол ч бодогдож эргэж хармаар ч болох шиг.

-Тийм зохиолч, ийм алдартанг мэдэх үү. Энийг ингэдэг, тэрийг тэгдэг чи мэдэх үү. Тэнд тэгсэн, энд ингэсэн байна лээ чи сонссон уу гэсэн түүний эрэл хайгуултай оюунлаг асуултуудыг Болороо үнэхээр үзэн ядна. Гэвч мэддэг, чаддаг, сонссон, хүний дүр эсгэх нь түүний хувьд өвс-нөөс зүү олохтой адил мэт. Цаг хугацаа явахтусам энэ байдал Болороод сэттэлийн таашаал биш, сэтгэлийн зовиур өгч байгааг мэдэрч өөрийн хуурай эгч болох Оюунаадаа нэг нэгэнгүй хэлж орхив.
-Чи бол давтагдашгүй хэзээ ч хэнийг ч битгий дуурай. Ямар ч нөхцөлд өөрийнхөөрөө бай. Худал хэлсэн бүх юмаа засаж залруулж, түүнд бүх сонголтыг үлдээ. Эсвэл энэ бүхнийг яг одоо зогсоо. Хуурамч хулхи зүйл хэзээ ч сайхан зүйлд хөтлөхгүй. Чамайг байгаагаар чинь хайрлах хүн л хэрэгтэй. Тэгж чадахгүй хүн насан туршдаа ямар ч нөхцөлд чинийх байж чадах уу гэж хэлэв.

Энэ үгийг сонсоод Болороо бүх зүйлийг зогсоохоор шийдэв. Нэг хэсэгтээ л түүний сэтгэл шувууд нь орхиод ниссэн намрын нуур шиг эзгүйрч, эл хуль оргиж бэсрэгхэн гунигт автлаа.

Гэсэн ч лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг нэр нь Сайхнаа ч төрх нь эсрэгээрээ нөгөө савсагнууртай мессеж бичиж харилцаагаа сэргээж эхлэв. Гэвч Сайхнаагийн ярьж хэлж байгаа, сэтгэн бодож байгаа, үйл хөдлөл зэрэг нь үнэн урамгүй, ямар ч мэдрэмжгүй, хаа холын харь гаригаас бууж ирсэн аятай л эмх цэгцгүй, болох болохгүй юм хамж шимж бурж гарна. Болороо Сайхнаатай яагаад ч таарч тохирохгүй юм байна гэсэн шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргаж энэ харьцаагаа таслав. Учир нь түүнд болсон болоогүй юмтай үерхэж тоглох цаг зав байхгүй.

Зарим нэг нь түүнээс хавьгүй дээр, зарим нэг нь түүнээс хавьгүй доор. Өөрийнхөө хэмжээнд нийцэхээр үнэнч зүрх сэтгэлтэй хүнийг хаанаас яаж олохоо тэр үл мэднэ.

-Болороо чи яачихсан юм бэ хариу бичихгүй, утсаа авахгүй ,би чамтай уулзмаар байна гэсэн мессеж боловсон залуугаас ирлээ. Ингээд Болороо Оюунаа эгчийнхээ хэлсэн хоёр дахь хувилбарыг хэрэгжүүлж бүх үнэнгээ хэлж бүх сонголтыг түүнд үлдээхээр уулзах цагаа тохиров.

Тэд өөд өөдөөсөө харан чимээгүйхэн сууна. Болороо хоолойгоо засч,
-Чамтай уулздаг байсан Болороо бол би бишээ. Би бол, хөлсний байранд амьдардаг, бусдаас ялгарах авьяас чадваргүй, эрэгтэй хүнийг ойлгож хайрлах тал дээр маруухан, хэнэггүй, хээгүйхэн нэгэн. Чамтай таарч тохирно гэж яаж бодсон юм бүү мэд.

Чиний олон оюунлаг асуултанд хариу өгөх гэж би их хичээдэг байсаан, хувийн сургуулийг өөрийнхөө энэ хэмжээнд төгссөнөөс цаашгүй. Өөрөөр хэлбэл би чиний өмнө өөрийхөөрөө байж байгаагүй чамд таалагдах гэж жүжиглэдэг байсан гэх үү дээ. Энэ нь яваандаа надад хэцүү санагдаж би чамтай уулзахаа больсон гэж эхнээс нь дуустал нь бүх зүйлээ нэг амьсгаагаар хэлчихээд ярилцах завдал өгөлгүй гарч одов.

Тэр уулзалтаас хойш Болороод дуудлага бас мессеж ирээгүй юм. Сэтгэлийг нь татахаар баг өмссөн гэж бодохоор уур нь хүрсэн байх. Магадгүй шоолж инээсэн ч байж болох. Энэ бүхэн Болороод хүнд тусч ёстой нөгөө өндрөөс газардах гэгч нь болж байсан ч эдгээр үерхэл түүнд их зүйлийг ойлгуулсан юм. Хэн хэзээ ч давтагдашгүй, өөрийнхөөрөө байж, байгаагаар нь хайрлах тийм л хүнийг сонгох өрөвдсөндөө эсвэл биширсэндээ хайрын сонголтыг хийдэггүй. Мөн хайр сэтгэлийг худалдаж, хуурч авч болдоггүй юм гэдгийг ойлгосон юм.

Ингээд Болороо үерхэл нөхөрлөлийн асуудлыг түр хойш нь тавьж ажилдаа идэвхийлэн хичээсээр хоёр сарыг ардаа үдэв. Нэгэн өдөр түүний утсанд мессеж ирлээ. Сайн уу, жинхэнэ Болороо мөн үү. Чамайг хайрлаж болох уу гэсэн байлаа. Хэн юм бэ гэж үү. Таа л даа…та нар таньж магадгүй.

Эх сурвалж: Зууны мэдээ

4 responses to “Байгаагаар минь хайрла /өгүүллэг/

  1. энэ их гоё өгүүллэг байна шүү.
    Чамайг байгаагаар чинь хайрлах хүн л хэрэгтэй. Тэгж чадахгүй хүн насан туршдаа ямар ч нөхцөлд чинийх байж чадах уу
    өрөвдсөндөө эсвэл биширсэндээ хайрын сонголтыг хийдэггүй
    гэсэн хэсгүүд гоё юм байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s