Хятадын ов мэх

Хятадад хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлээ нээсэн гадаадын пүүс компаниуд биелүүлэх ямар ч боломжгүй шинэ шинэ шаардлага шахалтад байнга орох боллоо. Тийм ч учраас барууны олон пүүс компани Хятадын зах зээлээс гарах боломж нөхцлөө судалж эхэлсэн юм. Харин өөрийн үндэсний пүүс компаниуд болон үйлдвэрлэгчдийг хамгаалах, нэн тааламжтай нөхцөл бүрдүүлэх журмыг Хятад улс хэрэгжүүлж байна.

Их Британи, Америк болон Европын пүүс компаниуд хятадууд оюуны өмчийг нь хулгайлж, зах зээлд нэвтрэх замыг нь хааж, тендер шалгаруулалтыг хууран мэхлэх замаар явуулж байна гэж гомдоллох боллоо.

Сүүлийн үед гадаадын пүүс компаниуд тухайлбал, “Honda Motor” Co, “Nikon”, “Mitsumi Electric”, “Denso Corp Japan”, “Carlsberg Denmark”, “Toyota Motor Согр”-ны Хятад дахь үйлдвэрүүдэд байнга ажил хаялт хийх болжээ. Хятад ажилчид хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулах, цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Гадаадын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн зардлаа нэмэгдүүлж, ажиллах хүчний зардлыг өсгөснөөр Хятадад бизнес хийх хүсэл сонирхлыг татахгүй нь тодорхой. АНУ, Европын орнуудаас Хятад улс хөрөнгө оруулалт, тэргүүний техник технологийг авсан бөгөөд сая сая ажилчид нарийн мэргэжил эзэмшсэн билээ. Хятад үүний хариуд нь хямд ажиллах хүчнээр хангаж байлаа. Гэвч энэ нь хөрөнгө оруулагчдыг баяжуулж хөлжүүлэхэд биш, харин Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэхэд чиглэж байсан юм.

Гадаадын пүүс компаниудад Хятад улс үр ашигтай зах зээл гэдэг үзэл бодол хий үзэгдэл гэдэг нь одоо илэрхий болсон бөгөөд энэ бүх далд явуулга нь Хятадын ээлжит ов мэх байлаа. Харин гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэр аж ахуйн газруудын үндсэн дээр Хятад ахар богино хугацаанд үндэсний эдийн засагтаа түшиглэх тулгуур баганыг босгоход тус дэм болсон юм. Хятадын бизнесийн ард хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө баялаг сантай төр, засаг нь байнга зогсч байдаг юм. Үйлдвэр заводыг ашиглалтад оруулсны дараа хөрөнгө оруулагчдаас түүнийг нь булаан хурааж авах систем энд үйлчилж байна. Үйлдвэр заводыг ашиглалтад оруулсны дараа хөрөнгө оруулагчдад хэсэг хугацаанд ажиллах боломж олгодог бөгөөд сүүлдээ янз бүрийн асуудал үүсгэж эхэлдэг. Тухайлбал, түрээсийн татварын хэмжээг нэмэгдүүлэх, урьд өмнө нь давуу эрх олгоно гэсэн амлалт нь ор мөргүй мартагдаж, шинэ шинэ шаардлага, дүрэм журам гаргаж ирдэг юм. Үйлдвэрийн газруудын эзэд ийм нөхцөлд үйлдвэрлэл явуулах боломжгүй гэдгээ ойлгож өмч хөрөнгө болсон үйлдвэр заводаа худалддаг бөгөөд Хятад ийм замаар бэлэн бизнес, техник технологитой болдог.

Хятадын хөгжил цэцэглэлтэд гадаад орнуудад суурьшсан хятадууд асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэднийг Хуа-цяо буюу Хужаа гэх бөгөөд бусад улс орнуудад тархан суурьшиж амьдардаг хятад гаралтай хүмүүсийг ингэж нэрлэдэг. Хилийн чанадад янз бүрийн хугацаагаар амьдардаг хужаа нартаа төр, засаг нь БНХАУ-ын иргэд адил ханддаг юм. Гадаад руу дүрвэгсдийн анхны давалгаагаар эрт дээр үед явсан хятад гаралтай цагаачдын үр сад болох тэд тухайн амьдарч буй орны иргэд байдаг. Хятад улс болон гадаад орнуудад суурьшсан хужаа нарыг хооронд нь ах дүү хамаатан садны, нутаг нугын, соёлын, ажил хэрэг, мэдээллийн байнгын харилцаа холбож байдаг юм. Хужаа нар бол Хятадын эдийн засаг дахь үндсэн гол хөрөнгө оруулагчид бөгөөд тэд Зүүн өмнөд Азийн ихэнх улс орны арилжаа наймааг хяналтдаа байлгадаг.

Хятад, хужаа нарынхаа хөрөнгө оруулалтыг төр засгийн төвшинд хамгаалалтад оруулсан юм. Эх газрын Хятадын нутаг дэвсгэрт хужаа нарын хөрөнгө оруулалтыг хамгаалах, томоохон хөрөнгө оруулалтад давуу эрх олгох талаар хэд хэдэн хууль, тогтоол гаргаад байна. 1985 оны дөрөвдүгээр сарын 2-нд “Хужаа нарын хөрөнгө оруулалтад хөнгөлөлт үзүүлэх тухай Төрийн Зөвлөлийн түр дүрэм журам”-ыг нийтэлсэн бөгөөд энэ нь Хятадын эх газрын нутаг дэвсгэрт гадаадад амьдардаг хятадууд өөрийн хувийн хөрөнгө мөнгөн дээр тулгуурласан хэлбэрээр хөрөнгөө арвижуулах, бие даан үйл ажиллагаа явуулахыг хөхүүлэн дэмжсэн баримт бичиг юм. 1990 оны наймдугаар сарын 19-ний өдөр “Сянган-Хонконг, Аомэнь-Макао, Тайвань дахь эх орон нэгт Хужаа нарын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай Төрийн Зөвлөлөөс тогтоол гаргажээ.

Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хужаа нарын хэрэг эрхэлсэн Хороо “Хужаа нар оролцсон эдийн засгийн маргааныг зохицуулах түр хугацааны арга хэмжээ” гэгчийг баталжээ. Хужаа нараас Хятадын эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалтын хувь хэмжээ гадаадын нийт хөрөнгө оруулалтын 80 хувьд хүрээд байна. Хятад улс хужаа нарт тавьсан итгэл найдвар зөв байсныг нотлон харуулсан юм. Хужаа нар Хятадад хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ, шинэ техник технологи нэвтрүүлсэн бөгөөд үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ түргэн хурдтай хөгжиж, экспорт нэмэгдэж, валютын нөөц нэмэгджээ.

2000 онд Хятад улс, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн гуравдугаар чуулганаараа гадаад эдийн засгийн стратегиа “Гадна дотногүй зэрэгцэн явах” гэж нэрлэн баталсан юм. Энэ стратегийн гол зорилго нь дэлхий дахинд Хятадын эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэх, улс төрийн үзэл баримтлалыг бэхжүүлэхэд оршиж байна. Энэ бүхнээ хэрэгжүүлэхэд Хужаа нартаа их найдлага тавьж байгаа бөгөөд “Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй” гэж Хятадад ярьдаг нь зүгээр нэг хэлц үг биш юм.

“Гадна дотногүй зэрэгцэн явах” стратегийн хамгийн эн тэргүүний зорилт нь орчин үеийн Хятад улсын өмнө тулгарч буй эдийн засгийн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Үүнд, Хятадын бараа таваарыг борлуулах зах зээлийн газрын зургийг өргөжүүлэх, түүхий эдийн баялгийн импорт, гадаад орнуудаас Хятадад хөрөнгө мөнгө оруулах сувгийг нэмэгдүүлэх болон шинжлэх ухаан техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэвтрүүлэх явдал орно. Энэ зорилго зорилтоо хэрэгжүүлэн биелүүлэхийн тулд Хятадын эрх баригчид гар татахгүй, юугаа ч хайрлахгүй гаргахад бэлэн байгаа юм. Одоо Африк руу явж байгаа хятад гэр бүл тутамд босго болгох зориулалтаар Эх орон нь 7000 доллар олгож байна. Хэрэв Хятадын цагаачид ямар нэгэн улсын нутаг дэвсгэрт 40 гаруй хүнтэй “Чайна тосгон” байгуулбал энэ нэгдэлд 100000 гаруй долларын мөнгөн гуйвуулга явуулдаг гэж Хятад судлаач, нийтлэлч Андрей Девятов ярьж байна.

Энэ бүхнээс үзэхэд Хятадын эдийн засгийн өсөлттэй зэрэгцүүлэн дэлхий дахинд хужаа нарын тархан суурьших байршил улам өргөжин бэхжих нь тодорхой харагдаж байна. Үүний хариу нөлөө үр ашгаа мэдээжийн хэрэг юм. Гадаад орнуудад суугаа Хятадын дүрвэгсдийн нэгдлийн хүчин чадал үүгээр хязгаарлагдахгүй.

Сингапурын их сургуулийн профессор Денни Ройгийн үзэл бодлоор бол гадаад орнуудад Хятадын дүрвэгсдийн нэгдэл олон байгаа явдал нь Хятад улсыг Азийн эдийн засгийн нармай гүрэн болгох өрсөлдөөнд удаан хугацааны давуу байдлыг олгож, дэлхийн эдийн засагт байр сууриа бэхжүүлэхэд үр нөлөөгөө өгч байгаа юм. Оросын нутаг дэвсгэрийг булаан эзлэх, түүний баялгийг дээрэмдэх түрэмгий бодлогоо хэрэгжүүлэх гол үүргийг Хятадын удирдлага хужаа нарт өгөөд байна. Гадаадад амьдардаг хятад угсаатнуудын нэгдэл нь маш олон тооны төдийгүй эдийн засгийн үлэмж хүчин чадалтай юм. Тэд маш их нэгдэл нягтралтай байдаг бөгөөд соёлын болон сэтгэл зүйн талаар нэг үзэлтэй учир оршин сууж байгаа улс орноос үл хамааран, нэг хүн шиг нэгдэж чаддаг тул идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж олгодог давуу талтай. БНХАУ-ын гадаад бодлогын аль эртнээс явуулж ирсэн маш чухал хэсэг нь Түүхэн эх оронтой нь гадаад улс орнуудад амьдардаг хужаа нарын нэгдлүүдийг холбож, харилцаагаа хөгжүүлэх явдал болсон юм. Бээжингийн удирдлага гадаад орнуудад суурьшсан хужаа нарын нөлөөлөх хүчийг байнга тооцож байдаг юм. Учир нь хүн ам олонтой, эдийн засгийн хувьд хүчирхэг Хятад цагаачдын нэгдлүүд нь тухайн улс орнуудын дотоод улс төрийн амьдралд нөлөөлөх боломж нөхцөл бүрдсэн байдагт оршиж байна.

Ийм ч учраас БНХАУ-ын улс төрийн удирдлага Хятадын цагаачдын тархан суурьшсан нэгдлийг өөрийн гадаад улс төрийн болон эдийн засгийн чухал нөөц хүч гэж үздэг юм. Хятадууд амьдран суудаг ямар ч улс орондоо уламжлал болсон байгууллагуудаа сэргээн байгуулдаг. Эдгээр нь суурьшсан хужаа нарын өөрийгөө удирдах байгууллага бөгөөд үүнд отог омог, нутаг нуга нэгтэн, худалдааны танхимууд багтдаг. Эдгээр байгууллагууд нь анх үүсэхдээ тухайн сууршин амьдарч буй орны төр засгаас тэдэнд ямар нэгэн хяналт тогтоох явдлаас зайлсхийхийн тулд байгуулагдаж байжээ. Гэвч яваандаа эдгээр бүтцийн хөгжил нь орчин үеийн ертөнцөд шал өөр үүрэг даалгавар гүйцэтгэхэд хүргэсэн юм. Отог омгийн гишүүд болон нутаг нэгтнүүдийн хооронд “гуанси” гэж нэрлэгддэг онцгой хэлхээ холбоо тогтдог бөгөөд энэ нь харилцан итгэлцэл, соёл иргэншил нэгтэй, удирдах ахлах хүнээ хүндэтгэх явдал дээр үндэслэж байдаг. Эдгээр хэлхээ холбоо нь суурьшсан Хятадуудын амьдрал ахуй, ажил хэрэг гээд бүх хүрээнд үйлчилдэг юм. Үүгээр бизнес, гэр бүл, боловсрол зэрэг олон цогц асуудлыг нэгдлийн хүрээнээсээ гаралгүйгээр шийдвэрлэх боломж олгодог. Энэ хэлхээ холбооны онцгой ач холбогдол нь гадаад орнуудад суурьшсан хужаа нарын бизнесийг хөгжүүлэх явдалд оршдог юм. Хужаа нарын байгуулсан компаниуд нь хамтран хувьцааны хөрөнгийг эзэмших, захирлуудын зөвлөлүүд үйл ажиллагаагаа харилцан зохицуулах, ажил хэрэгтээ нэг л зээлдэгч, банк, зуучлагч болон даатгалын компаниар үйлчлүүлэх зарчимтай байдаг.

Үүний дүнд ажил хэргийн тогтвортой харилцааг үүсгэдэг бөгөөд энэ хүрээнд Хятадуудын хөрөнгө мөнгөний ашиг сонирхол төвлөрч байдаг юм. Мэдээжийн хэрэг энэ үйл ажиллагаандаа гадныхан болон санаанд нийцээгүй хүмүүсийг нэгдэлдээ нэвтрүүлдэггүй. Ямар ч улс оронд амьдарч байгаагаас үл хамааран Хятадын цагаачдын нэгдлийн эдийн засгийн ололт амжилтын гол үндэс нь энэ юм.

Хятадын ажил хэргийн сүлжээнүүд тааламжтай бус гадны хүчний нөлөөлөлд бараг өртдөггүй, хүрээлэн байгаа орчны ямар ч өөрчлөлтөд дасан зохицож чаддаг, шаардлага гарвал шинэ газар руу шилжин сэргээн босгодог чадвартай байдаг юм.

ОХУ-ын Төв Банкнаас гаргасан мэдээлэлээс үзэхэд, 2006 онд Орост олсон найман тэрбум доллараа хятадууд гэр рүүгээ илгээсэн бөгөөд энэ нь гадаадын иргэдээс нутаг руугаа илгээсэн бүх мөнгөн дүнгийн 22 хувь болж байгаа юм. Шинжээчдийн гаргасан баримтаас үзэхэд одоо хятадууд Оросын банкаар дамжуулан жилд 20 тэрбум гаруй доллар эх орон руугаа гуйвуулж байна. Гэвч хужаа нарын албан ёсоор банкаар эх орон руугаа гуйвуулж байгаа энэ мөнгө бол зөвхөн өчүүхэн хэсэг нь юм. Москвад долоон жил амьдарсан “DLK” мебелийн компанийн эзэн Лун Таогийн хэлснээр, Орост олсон хөрөнгө мөнгөө хятадууд, уламжлал ёсоор өөрийн төрөл төрөгсөд рүүгээ гуйвуулдаг бөгөөд тэд Хятадад өөрийн бизнесээ нээхэд зориулдаг юм. Түүнчлэн Хятадын худалдаачид, түр оршин суугчид олсон орлогынхоо мөнгийг “Тэнгэрийн доорхи” эх орон руугаа “ганзагын наймаачид” жуулчид, Хятадын компаниудын ажилтнууд, дипломат, дипломат шуудан хүргэгч нарт дайж явуулдаг байна. Тэд мөнгө хүргэж өгөхөд зуучилсны хөлсөнд бүх мөнгөн дүнгийн таван хувиас доошгүйг авдаг ажээ.

Цагийн эрхээр шинэ нарийн арга бодож олсон бөгөөд “Фейцянь” буюу (Нисдэг мөнгө) гэгчийг сэдэн гаргаж иржээ. Энэ нь үнэн хэрэг дээрээ далд нууц байдалд ажиллаж буй банкны хууль бусаар үүрэг гүйцэтгэгч болох пүүс компанид рубль, доллараа тушаах бөгөөд Хятадад байгаа тэдний түнш тушаасан мөнгөтэй нь тэнцэх юанийг хүлээн авдаг байна.

Алс Дорнод, Сибирь, Уралд Хятадын суурьшин суугч хужаа нарын тоо улам их нэмэгдэх боллоо. Хятад үнэн хэрэг дээрээ Оросын эсрэг хүн ам зүй, эдийн засгийн булаан эзлэх бодлогыг ил тод явуулж эхлээд байна. Үүний түшиг тулгуур нь суурьшин суусан олон сая хужаа нар юм. Хятадууд Алс Дорнод, Сибирь, Уралын бүх нутаг дэвсгэрт “Чайна таун” буюу улсын доторхи улс болсон хятад хотхонуудыг байгуулж эхэллээ.

Хөрөнгө мөнгөний сантай болохын тулд тэд нийтийн хэрэглээний хямд барааг жижиглэнгээр болон бөөнөөр зарж борлуулах сүлжээ байгуулаад байна. Хараа хяналт шалгалтгүйгээр Оросын зах зээлд хүн ам, байгаль орчинд хортой эд бараа оруулсны хар гайгаар Оросын хөнгөн үйлдвэрийг дампуурал, сүйрэлд оруулаад байна. Хүнд үйлдвэрт хорлон сүйтгэх ажиллагаа явууллаа. Тухайлбал, Самар мужид “4ГПЗ” холхивч үйлдвэрлэх улсын үйлдвэр бараг мөхлийн ирмэгт хүрсэн юм. Хятадууд хуурамчаар үйлдвэрлэсэн хулхи, ямар ч чанаргүй холхивчийг Орост нууцаар оруулан, заводын болон бүтээгдэхүүний нэр төрийг унагаж, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг бууруулсан байна.

Хятадууд үржил шимтэй тариалангийн талбайг түрээсээр авч байгаа нь тариалангийн талбайг ашиглах дүрэм журмыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг юм. Тариа ногоо болон бусад бүтээгдэхүүнийг тариалах үйл ажиллагаандаа хориглосон химийн бэлтгэмэл, хортой бодисуудыг ашиглаж байна. Үүний уршгаар бүтээгдэхүүн нь хортой, хүнсэнд хэрэглэхэд аюултай болдог бөгөөд тэдгээр нь их хэмжээний хүнд металл, хортой бодис агуулж байдаг. Хамгийн аюултай нь хятадууд ямар ч хяналтгүйгээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс Оросын хүн ам, хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлсэн хүний генд нөлөөлөх бүтээгдэхүүн гаргаж байгаа явдал юм.

Генийн төвшинд нь хүртэл химийн бодисоор хордуулан устгах Оросын эсрэг экологийн зарлаагүй дайн явагдаж байна. Алс Дорнодыг Хятадууд хууль бусаар нууцлан хулгайн аргаар оруулж ирсэн спирт, мансууруулах бодисоор бүхэлд нь хэдийнэ дүүргэжээ. Суурьшин суусан хужаа нар Гурамслалын хараа хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг. Гурамслал нь Хятадын Коммунист намын Төв Хорооны шууд захиргаанд байдаг Хятадын Улсын аюулаас хамгаалах яамны соргог хараан дор байдаг юм.

Энэ бүхнээс дараахи дүгнэлтийг хийж болно. Тухайлбал, Оросын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх ажиллагаа нь Хятад улсын Төрийн аппаратын бүхэл хүчин чадлыг ашиглан Төр, засгийн төвшинд явагдаж байна. Орос улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, хүн амынхаа аюулгүй байдлыг хангахад ямар арга хэмжээ авч байна вэ?

Төр засгийн удирдлагыг төлөөлж буй Хоёрол Хятадыг стратегийн түншээ болгож, Дорнод Сибирь, Алс Дорнодын бүх түүхий эдийн баазыг тэдний гарт өгч байна. Энэ нь цаашдаа эдгээр газар нутгийг Хятад албадан өөртөө хавсаргаж, Орос улсыг тараан бутаргаж, устгахад хүргэнэ.

Барагдашгүй арвин түүхий эдийн баялаг, хүн амын их нөөц үйлдвэрлэлийн болон шинжлэх ухааны хүчин чадал, хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр тоноглогдсон байлдах чадвартай армитай Хятад улс дэлхий дахинд өөрийн үзэл бодлыг тулгаж болох юм. “Хятадууд дэлхийг удирдан жолоодох болно” гэж зүгээр нэг хэлээгүй нь тодорхой.

Александр Аладины бичсэнийг товчлон сийрүүлэв.
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s