Орчин үе ба стресс

stress

Орчин үеийн нийгэмд хүмүүсийн дургүйцлийг хүргэж,
юу юунаас илүү бухимдуулдаг зүйлс юу вэ?

Гэр юмуу ажил дээрх замбараагүй, бохир байдал уу, ашигтай түнштэйгээ харилцаагаа тасалсан явдал уу, үнэнч нөхөр, хайртай хүндээ итгэх аргагүйг мэдсэн ухаарал уу? Хэрвээ таны хувьд гэр бүлийн таагүй байдал, найз нөхрийн урвалт хоёр хавсран асуудал болж буй бол энэ нь томоохон сөрөг үр дагавартай.

Олон хүн амьдралын аар саар зүйлийг толгойноосоо авч хаяхыг хүсдэг ч үнэн хэрэгтээ эдгээр жижигхэн хоосон зүйлс ар араасаа нэмэгдсээр хүндэрсэн стрессийн гол шалтгаан болдог.

Яагаад гэж үү? “Стрессийн дааврууд нь анхнаасаа үхлийн аюултай нөхцлөөс гарахад туслах зорилготой байдаг аж. Гэтэл өнөөдөр, орчин үеийн хүмүүсийн амьдрал стрессээр буцалж байна. Стрессийн даавруудын төвшин байнга өндөр байх нь чихрийн шижин, зүрхний өвчин, хорт хавдар үүсэх аюулыг дагуулдгаас гадна хоолны дуршилгүй болох юмуу цадахаа болих, нойргүйдэх зэрэг сөрөг дагавартай” гэж Колорада их сургуулийн анагаах ухааны доктор, профессор Жеймс Эрлих тайлбарлажээ.

Орчин үеийн нийгэмд хүмүүсийн сэтгэл зүйд хамгийн ихээр дайралт хийж стресст оруулдаг хүчин зүйлсийг мэргэжилтнүүд тодорхойлсон байна. Тэдгээрээс эхний хүчин зүйлүүдийг ийн тогтоожээ.

1.Үргэлж “за” гэдэг хүмүүс гэнэт “үгүй”хэмээн нүүр буруулах

Найз нөхөд, хамт олон, ойр дотныхон тань таны санал болгосон зүйлийг үргэлж дэмжин зөвшөөрдөг байв. Гэтэл гэнэт нэг өдөр итгэлт найз тань гуйлтаас татгалзаж эсвэл худал дүр эсгэн зугтана. Хамгийн итгэлтэй, ойр дотны хүмүүс ч таныг сонсохоо больж, үл тоомсорлож болох юм. Гэнэт ийм нөхцөлд орсон хүн маш богино хугацаанд сэтгэлийн хямралд амархан өртдөг гэнэ. Хэрвээ таны харилцаанд иймэрхүү сөрөг үзэгдэл ажиглагдах юм бол шалтгааныг тодруулахыг хичээ. Танд үргэлж сайн сайхныг хүсдэг хүмүүс яагаад гэнэт “үгүй” гэх болов. Тэдэнд ч ингэж хэлэхэд үнэхээр хэцүү байгаа ч юм билүү.

2.Бүдүүлэг үйлчилгээ

Орчин үед хүмүүсийг хамгийн ихээр байнга бухимдуулдаг зүйлсийн нэг. Ааш муутай, харилцааны соёлгүй худалдагч, үйлчлэгч нар олон таарах болсон нь харамсалтай. Энэ үед үйлчлүүлэгч худалдагч, үйлчлэгч рүү уурлаж зандрах юмуу авах зүйлээсээ шууд татгалзах гэсэн арга замыг сонгож болох ч тухайн хүний сэтгэл санаа өдрийн турш уналтад ордог байна. Тиймээс иймэрхүү байдалд орохгүйн тулд ямар ч тохиолдолд тайван байхыг хичээх хэрэгтэй гэнэ. Түүнээс гадна олон хүнтэй харилцдаг худалдааны төлөөлөгчид ч бас өөрийн гэсэн асуудалтай хүн шүү гэж ойлгохыг хичээгээрэй.

3.Эмх замбараагүй байдал

Эрэгтэй хүн, хүүхэд хоёр гэр нь бохир, эмх цэгцгүй байхад эмэгтэйчүүдээс илүү санааширч тохь тухгүй, тогтворгүй болдгийг сэтгэл зүйчид тогтоосон. Өөрөө бүхнийг цэвэрлэх хэцүү, “гахайн оромж” шиг зүйл дотор байх хэцүү. Ийм асуудалд санааширч, үсээ бууралтуулах хэрэггүй. Гэр бүлийн хурлаар сэтгэлийг тань зовоогоод буй бүхнийг хэлэлц. Гэрээ цэвэрлэхэд бүхнийг уриалж цэвэрлэгээний цаг гарган, ээлж тогтоох нь зүйтэй.

4.Тусламж хэрэгтэй бол 1-ийг дар

Захиалга авдаг байгууллагуудын автомат хариулагч хүмүүсийг жинхэнэ бухимдуулдаг эд. Автомат хариулагч дийлэнхдээ зохион байгуулалт муутайгаас гадна удаан, найдваргүй. Худалдан авагч, үйлчлүүлэгчдийн тэвчээрийг барж, бухимдуулдаг “шилдэг үйлчилгээ” гэж болно. Тиймээс “амьд” оператор юмуу үйлчлэгчтэй ярих товчлуурыг л дарна уу.

5.Тайван бус орчин

Заримдаа түр хугацаагаар ч атугай амар амгаланг мэдрэх газар, цаг олдохгүй байх нь ч хүмүүсийг бухимдуулдаг. Хүн бүрт тайвширч, амран өөрийгөө “цэнэглэх” чимээгүй орчин хэрэгтэй. Хамгийн боломжтой, тохиромжтой ийм орчин бол угаалгын өрөөний усаар дүүргэсэн онгоц. Энд усан дотор дахин шинээр төрж болохоос гадна өдрийн турш хуримтлагдсан таагүй бүхнийг “угаачихаж” болно.

6.Хосуудын таагүй харилцаа

Эсрэг хүйстнүүд бие биедээ татагддаг ч амьдрал дээр ховорхон тохиолддог сайхан чанаруудын цогц, төгс хүнийг эрэлхийлсээр байдаг. Гэвч аз жаргалтай гэр бүл байхад зөвхөн зан ааш төдийгүй амьдралыг үзэх үзэл, ухамсар юу юунаас чухал.

Гэр бүлийн хос эхний нэг жилээс хойш хамтын “гэгээн үнээ”-г саахаа больж, өөрсдийгөө тэс өөр хүмүүс гэдгийг ухамсарлаж эхэлдэг. Энэ нь хослон амьдрах стрессийн үндсэн шалтгааны нэг. Эхэн үедээ сайхан санагддаг байсан зүйлс /хошин шогийн мэдрэмж, өгөөмөр сайхан сэтгэл/ бүдгэрч харин ч эсрэгээрээ дургүй хүргэсэн зүйл болох нь энүүхэнд. Тиймээс бухимдалд хүргэх болсон асуудлын шалтгаан хэнд, юунд байгааг олох нь зүйтэй. Хэрвээ түүний буруу биш бол өөр хэнийх байх вэ? Таных ч юм билүү. Хэрвээ тийм бол асуудалд нухацтай, тайван хандаж эхлэх хэрэгтэй. Түүний эцэс төгсгөлгүй шоглоом, хошин зан нь таны дургүйцлийг хүргэдэг бол орчин үеийн стресстэй ертөнцөөс өөрийгөө болон таныг хамгаалж буй тэр цагаахан инээд, баяр хөөрийг нь бүү нухчин дар.

7.Өөрийгөө мартсаныг сануулах толины тусгал

Та толинд дүрсээ харах үедээ сэтгэлээр унадаг уу? Сэгсийсэн үс, арчлаагүй нүүр, загвар нь хоцорсон хувцас. Гэтэл хүүхдүүд тань загвар үзүүлэх гэж байгаа юм шиг л чамин хувцаслана. Гэр бүлийн тохь тухтай байдлыг бүрдүүлэх гэсээр өөрийгөө гаргуунд хаяж, нэг ч хувцас авч чадахгүй байтал нөхөр тань сэм сэмхэн шар айрагны газар эргүүлдсээр дээр нь бас спорт зааланд бүртгүүлчихсэн. Таныг өөрийгөө мартаад бусдыг хэт халамжлаад байна хэмээн толь сануулж байгаа нь тэр шүү. Сайн үсчинд мөнгө зарцуулахаас бүү татгалз. Өдөр бүр өөртөө цаг гарга. Хаашаа ч гарсан нүүр бардам өмсөөд явах хувцсуудаар шүүгээгээ дүүргэ.

8.Хэн ч чамайг сонсохгүй бол

Хүүхдүүд нэг минутын өмнө хэлсэн үгийг тань мартаад зурагттай “наалдчихна”. Итгэж байсан ганц хүн тань сүү авах ёстой байтал хайрцаг шүүс бариад ороод ирнэ. Танд яг л ханатай харьцаж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Ойр дотно хүмүүсийн хоорондох харилцааны сүйрэл стрессийн гол шалтгаан. Тиймээс хань, үрсийнхээ анхаарлыг өөртөө хандуулах бүхий л аргыг туршаад үз. Жишээлбэл, гуравхан минут над уруу анхаарлаа хандуулна уу гээд эелдгээр хэлээд үз. Тэдэнд хандсан яриагаа тодорхой бөгөөд товчоор зандарч буруутгалгүй хэл.

9.Таргалалт

Та ямар ч үнээр хамаагүй илүүдэл жингээсээ салах хүсэлтэй. Үүний тулд бүхий л амттанаас татгалзаад зогсохгүй хоолоо ч сойно. Бухимдах зүйл биш гэж үү? Үнэхээр таны бие хэмнэлтэт эдийн засгийн дэглэмд шилжих боловч хориотой зүйлсийг хэрэглэх хүсэл өмнөхөөсөө хэд дахин нэмэгдэнэ. Эндээс л уур уцаар, толгойн өвчин, ядаргааны эх үүсвэр үндэслэгдэнэ. Тиймээс аль болох эрүүл хүнс / жимс, ногоо, үр тариа/ хэрэглэж сур. Ингэснээр таргалалт болон түүнтэй холбоотой асуудлууд аажимдаа үгүй болно.

Эх Сурвалж: ҮНЭН

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s