Сайхан ааш гэдэг дэлхийн хэмжээний хөрвөдөг валют

-Гадаадад яваа бизнесмэн хүн юуг мөрдөх вэ-

Юуны өмнө хийж байгаа бүх үйлдэл тань улс орны нэр хүндэд тусгалаа олдог гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Нэг ёсондоо эх орондоо байхаас гадаадад аялж юм уу, ажил хэргээр зорчиж яваа үед ёс суртахуун илүү чухал. Ёс журам гэдэг улс орон болгонд ялгаатай байдаг ч сайхан ааш зан гэдэг бол дэлхийн хэмжээний хөрвөдөг валют юм. Бага зэрэг ёс журмын алдаа гаргалаа гэхэд ихэмсэг бардам биш эелдэг найрсаг, даруухан зан чанар таныг аварч, ийм хүнийг бол хэн ч зэмлэхгүй. Бусад анхаарах зүйлүүд гэвэл:

-Очих улсынхаа хэлээр наанадаж хэд гурван үг цээжилж тогтоох хэрэгтэй. Ирсэн зочид өөрийнх нь улсын хэлээр ярих гэж оролдож хичээж байгаа нь тухайн улсын хүмүүст таатай байдаг. Бид ч гэсэн гадаадын хүн Монголоор хазгай ярихад яадаг билээ. “Тэд англи хэл сурна л биз” хэмээн ихэрхдэг Английн дээдсийг дуурайх үе аль хэдийнэ өнгөрсөн.

-Инээмсэглэж сур. Энэ бол таны олон улсын хэл. Та нэг ч үг хэлж мэдэхгүй байлаа гэсэн инээмсэглэл таныг найз нөхөдтэй болгоно. Мөн мэхийж ёсолж сур. Сандарч тэвдэлгүй, ялимгүй бөхийхэд нэг их жүжиглэл ороод, ядаж цөхөөд байх юм үгүй. Дорно дахиныханд хэвшсэн эелдэг найрсаг энэ ёсонд яагаад суралцаж болохгүй гэж.

-Автомашин, галт тэрэг, нисэх болон хөлөг онгоцны алинаар ч аялж явлаа гэсэн тогтсон дэг журмыг мөрдөж, нөхцөл байдлаас хамааран замд тааралдсан хүмүүс, явган зорчигчид, бусад жолооч нарт эвтэйхэн ханддаг байх хэрэгтэй.

-Замын дохио тэмдгүүд аажимдаа олон улсын чанартай болж байгаа хэдий ч хил нэвтрэхэд тань өгөөгүй бол орон нутгийн замын хөдөлгөөний дүрэм олж авахыг хичээх хэрэгтэй. Зарим оронд жолооны дүрэм нэлээн хатуу байдаг тул замын хөдөлгөөний дүрэм танд сайхан ааш зангаас илүү тус дэм болно.

-Галт тэргэнд явахдаа хаа хамаагүй газар тамхи бүү тат. /Одоо ихэнх хөгжилтэй орнуудад тамхи татах тусгай зориулалтын газар хумигдсаар байгаа/. Цонх, хөшиг нээх болон хаах зэрэгт цуг яваа хүмүүсийнхээ санаа бодлыг харгалз. Зөвхөн өөрт ногдох суудлыг эзэлж, ойр хавьд зөөгч байхгүй бол эмэгтэйчүүд болон настай хүмүүст цүнх саваа дээд тавиур дээр гаргахад нь тусла.

-Нисэх онгоцонд та ихэнх цагийг суудал дээрээ өнгөрүүлдэг тул үйлчлэгчээс дэндүү их юм шаардаж түвэг удахгүй л бол ёс журмын асуудал нэг их гарахгүй. Харин хөлөг онгоцонд яваа хүмүүс олон цаг хамт байдаг учраас их төлөв сайн танилууд болдог. Тийм болохоор хамт яваа хүмүүс болон хөлгийн багийнханд хүндэтгэлтэй ханд. Ахлах үйлчлэгч таны паспортыг авч, бусад үнэт эд зүйлст тань санаа тавих бөгөөд зорчиж яваа өрөө тасалгааны чинь ая тухыг зохицуулан шийдэж, хуурай газар буугаад хийх аялал зэрэгт таныг бүртгэж авахын сацуу кассын үйлчилгээтэй томоохон хөлөг онгоц биш бол гадаад валют солих, замын чекийг бэлэн мөнгө болгож өгнө. Гал тогооны ахлах үйлчлэгч хоолны газрын үйлчилгээг хариуцах тул та хаана сууж, аль ээлжинд хооллохоо асууж мэдье гэвэл түүнд хандах хэрэгтэй. Хөлгийн үйлчлэгч гэж бас хүн бий. Тавцан дээрх тохилог, ая тухтай сандал, мөн тэнд зохиогдох уралдаан тэмцээнийг хариуцдаг тул та салхитай сэрүүхэн юм уу, нартай ая тухтай газар аятайхан сандал олж авъя гэвэл түүнтэй бушуухан уулзаарай. Хэдэн үг сольж, мэдээж цайны мөнгө өгчихсөн байхад таны суух дуртай газар сандал чинь өглөө болгон зэхээстэй байна гэсэн үг.

Ингээд зарим улсын онцлогоос танилцуулъя.

Герман. Ёс заншил, нийгмийн хэм хэмжээгээр Англитай ойролцоо. Германчууд, тэр дотроо бизнесчүүд хэргэм зэргийг ихэд сонирхдог бөгөөд хүн бүхнийг гол төлөв албан тушаалаар нь нэрлэдэг. Компанийн захирлыг тэр байтугай нийгэмд тухайн тохиолдлоос хамааруулан Herr General-director (ноён ерөнхий захирал) гэх юм уу, Herr director (ноён захирал) гэж дууддаг. Хэн нэгэнтэй танилцлаа гэхэд өөрийгөө танилцуулж байхад та ямар нэг юм ярих шаардлагагүй, германаар нэг ч үг хэлж мэддэггүй бол зүгээр л мэхийн ёсолж инээмсэглээд гар барих нь зүйтэй. Германчуудын ихэнх нь Sehr angenehm (нэн таатай байна), Sehr erfreut (их баярлалаа) гэж хэлдэг. Бизнесчүүд нь англичуудтай адил гэр орондоо хүлээн авалт хийх нь олонтоо. Гэрийн эзэн хундага өргөхөөс нааш архи, дарсанд “хүрч” болохгүй. Ширээнд суусан үед тэд төмсийг хутгаар зүсч идэхийг адал балмад зүйл хэмээн үздэг.

Франц. Андрэ Моруа нэгэн удаа америкууд даргаасаа аваад гутал цэвэрлэгчээ хүртэл “Жой” юм уу “Хилл” хэмээн дууддаг ардчилалтай бол францчууд ноён Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөсөө авахуулаад ноён хаалгач хүртэл “мисье” хэмээн дууддагаараа америкуудаас хоцордоггүй. Францад та нөхцөл байдлаас хамааруулан хүмүүст “мисье”, “мадам” юм уу “мадмаузель” хэмээн хандахад л гол учир байгаа юм. Тэд германчуудтай адил хэргэм зэргийг эрхэмлэдэггүй боловч хүн бүхэнд “мисьё” хэмээх албан ёсны хүндэтгэлийн үгээр ханддаг. Францад та хүнтэй танилцахдаа төдийгүй өөр бусад олон тохиолдолд гар барина. Учир нь тэд гарсан ч орсон ч байнга гар барьдаг. Энэ нь бараг бүх хүнд, тэр байтугай хоолны газрын үйлчлэгчид ч хамаатай. Зоогийн газар юм уу ресторан, зочид буудалд таныг хоолоо идэж дуусаагүй байтал үйлчлэгч тооцоо авчирч өгнө. Энэ нь таныг явуулах юм уу яаруулж буй хэрэг биш юм.

Испани. Испаничууд бардам чанартай. Энэ нийтлэг занг зөрчиж, тэднийг эмзэглүүлэх ямар нэг зүйл огт хийхгүй байж чадвал танд аятайхан байна. Мөн испани хүний эрхэм чанар, уран яруу байдлыг нэмэх хэрэгтэй. Испаниар аялж явахад энэ бүхнийг санаж явахад илүүдэхгүй. Та нэрийг нь мэдэхгүй л бол хамгийн даруухан эмэгтэйд ч гэсэн “сеньора” хэмээн ханд. Нэрийг нь мэдсэн бол “донья Мария”, “донья Энкарнасьон” хэмээн загалмайлах үеийнх нь нэрээр дуудна. Тэр ч байтугай компанийн захирлаа ажилтнууд нь “дон Хосе”, “дон Педро” хэмээн дууддаг. Зөвлөмж бүхий захидал Испанид онцгой ашиг тустай. Түүнд бизнесийн нэрийн хуудсаа хавсаргавал бүр ч сайн болно.

Япон.
Ойр тойрны хүмүүст санаа тавин, анхаарал сэрэмжтэй хандлаа гээд нэг их анзаардаггүй, хүнтэй сэтгэлээ хуваалцахуй бэрх бас гаднаас ирж байгааа аливаа дохио зангаанд тэр хэмжээгээр тайлбар өгдөггүй газар бол Япон. Үүний учир шалтгаан нь Японы ёс заншил, гүн ухаан хэдэн мянган жилийн туршид европ “школ”-аас огт ялгаатай байсаар ирсэнд юм. Япон бизнесч удирдлагад нь байгаа хүмүүс, эсвэл захиалагч компанитай тогтоосон харилцааг хоёр талаас хэн хэнийхээ өмнө хүлээсэн хувийн үүрэг хариуцлагын хүрээнд авч үздэг. Нийгэм нь ангийн болон зэрэг зиндааны тогтолцоонд тулгуурлах бөгөөд албан тушаал, төрх байдал, зүс царай онцгой үнэ цэнэтэй.

Японд аливаа зүйлийг Европынхоос гурав дахин удаан хугацаанд хийдэг тул ажил хэргээр очиж байгаа бол 3-4 долоо хоног, түүнээс ч илүү хугацаа танд шаардлагатай. Ийм хугацаанд үр дүнд хүрчих хэмээн бодохгүй байвал зохино. Тэнд та юуны өмнө нэр төрөө бодож Японы агаарын хөлгөөр зорчиж, дээд зэрэглэлийн буудалд буугаарай.

Япон түнш тань угтахад та нисэх онгоцны нэгдүгээр зэрэглэлийн танхимаас гарч ирж байгаа харагдвал тун зүгээр. Хөөрхөн этгээд, чамин бэлэг дурсгалын зүйл, ялангуяа виски ахиухан авчир. Энэ бол япончуудын хувьд таны аль хэр зэрэг зиндааны хүн болохын нотолгоо. “Данхилл” пүүсийн асаагуур ч үүнд багтана. Уулзангуутаа ажил хэрэг ярьж огт болохгүй.

Эх сурвалж: Business Times

One response to “Сайхан ааш гэдэг дэлхийн хэмжээний хөрвөдөг валют

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s