Анкет бэлдэхэд юуг анхаарах вэ?

anket

Орчин үед аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй хэн бүхэн зах зээлээ судлах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ илүү ойр байх зорилгоор төрөл бүрийн арга хэрэглэх болсон. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь анкет /асуулга/-ын арга гэж би ойлгодог. Нөгөө талаас аливаа эрдэм судлалын ажил эрхлэгчид үр дүнг нь судалгааны ажилдаа ашиглах зорилгоор анкетын аргыг өргөн хэрэглэсээр байна.

Анкетын арга нь богино хугацаанд олон хүнд хүрэх боломжтой, харьцангуй хямд өртөгтэй байдгаараа онцлог. Мэдээж сул талууд бас бий. Үүнд хамгийн чухал нь судалгаанд оролцогчдын асуулгад чин сэтгэлээсээ хандсан эсэх нь баталгаагүй байдаг. Гэвч сайн бэлдсэн анкетаар энэхүү сул талыг хамгийн бага түвшинд байлгах боломжтой. Иймд эрдэм судлалын ажил хийж яваа эрхэм дүү нартаа анкетын талаарх хувийн туршлага, уншиж мэдсэн зүйлдээ тулгуурлан хэрэг болог ээ хэмээн хэдэн үг хэлхлээ.
———————————

—##— Анкетын аргыг анкет боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг нэгтгэх, түүнд дүн шинжилгээ хийх гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээсээ өмнө зарим нэг асуултад хариулах нь чухал. Үүнд: – Судалгааны ажилд маань анкетын арга хир тохиромжтой вэ? – Заавал анкет хэрэглэх шаардлага бий юу? г.м

—##— Зарим нэг үр дүнд хүрэхийн тулд анкет шаардлагагүй байж болно. Жишээ нь хороонд гарч буй гэмт хэргийн талаар иргэдээс, -Танай хороонд гэмт хэрэг ямар түвшинд байна гэж та боддог вэ? гэж асуухын оронд тухайн хорооны хэсгийн байцаагчийн бүртгэлээс хэрэгтэй мэдээллээ авч болно. Товчхондоо анкетаар хүрэх гэсэн үр дүн бусад албаны болон хувийн эх сурвалжид /статистик мэдээ, иргэний бүртгэл, цагдаагийн бүртгэл, урьд хийгдсэн ижил төрлийн судалгааны дүн г.м/ байгаа эсэхийг урьдчилж нягтлах нь таныг цагаа дэмий үрэхээс аварна.

—##— Анкетыг бэлдэхэд гол баримтлах зарчим анкет нь оролцогчийг залхаахааргүй, аль болох товч, тодорхой, цэгцтэй байх явдал юм. Энэ чинээгээрээ анкет бодитой үр дүнд хүрэх магадлалтай.

—##— Бөглөхөд 15 минутаас урт цаг шаардагдаж байвал тухайн анкетыг “нуршуу” гэж үздэг юм билээ. Иймд анкетад нэг ч илүү асуулт байж болохгүй.

—##— Аль болох энгийн үг хэллэг ашиглах хэрэгтэй. Салаа утгатай, гадаад, гаж этгээд, хэт техникийн шинжтэй үг хэллэг нь асуултыг ойлгомжгүй болгох нь бий.

—##— Хэдийгээр анкетаар хүссэн үр дүндээ хүрэхийн тулд “чиглүүлсэн” асуулт тавих явдал түгээмэл байдаг ч энэ нь тухайн судалгааны ажлын үр дүнд эргэлзэхэд хүргэдэг.

—##— Асуултуудыг зөв дараалалд байрлуулах нь чухал. Үүнд ерөнхийгөөс тусгайруу чиглэсэн, ижил төрлийн асуултууд нэг дор байх зэргийг дурдаж болно.

—##— Анкетад ихэвчлэн “сонгох” хариулт байдаг нь асуултад хариулахад болон дүнг нэгтгэх, дүн шинжилгээ хийхэд хялбар байдагтай холбоотой. “Задгай” хариулт нь асуултыг хариугүй үлдэхээс сэргийлэх сайн талтай ч асуулгад оролцогчоос илүү их чармайлт шаарддаг, хариултыг нэгтгэх, үр дүнд анализ хийх зэрэгт хүндрэл учруулдаг байна.

—##— Анкетын эхэнд тухайн анкетын зорилго, ач холбогдлыг илтгэсэн товч тайлбар байх нь зүйтэй.

—##— Таны хувьд хамгийн чухал /заавал хариулт авахыг хүссэн/ асуултуудыг анкетын эхэнд байрлуулах, үүний эсрэгээр ач холбогдол багатай /жишээ нь оролцогчийн талаарх мэдээлэл: нас, хүйс, боловсролын түвшин г.м/ асуултуудыг анкетын төгсгөлд байршуулах нь оновчтой.

—##— Хэлбэрийн хувьд анкет аль болох цэгцтэй, уншихад хялбар байх нь чухал. Үүний тулд асуулт болон хариултуудыг хооронд нь фонтоор ялгах, хариултууд дээрээс доош цуврах хэлбэрээр байрлах, асуулт болон хариулт нь ижил хуудсанд байрлах г.м. Зардлыг багасгахын тулд анкетыг цөөн хуудсанд багтаах гэсэн оролдлого чинь үр дүнд муугаар нөлөөлж болно.

—##— Анкет гэдэг замд таарсан, үүдээр чинь өнгөрсөн хэн бүхнээр бөглүүлээд болчихдог эд биш юм. Өөрөөр хэлбэл анкетыг хэрэгжүүлэх объектоо зөв сонгох нь чухал. Үүнд судалгааны ажлын зорилго, чиглэл, цар хүрээ тодорхойлох шинжтэй байна.

—##— Өргөн хүрээг хамарсан анкетыг хэрэгжүүлэхээсээ өмнө зорилтот бүлэгтэй ижил онцлогтой бага бүлэгт туршилт хэлбэрээр хэрэгжүүлэх нь анкетыг илүү боловсронгуй болгоход дөхөм болдог.

————————————
Жич: Нэт-ээс анкет хэрхэн бэлдэх талаар монгол хэл дээр ямар ч илэрц олддоггүй юм билээ. Харин одоо нэг ч гэсэн илэрцтэй боллоо. Мэдээж хөндлөнгийн мэргэшсэн судалгааны байгууллагууд анкетын талаар илүү мэргэжлийн зөвлөгөө өгөх байх. Хэрвээ таны судалгааны ажлын талаар тодорхой мэдээлэлтэй байвал би ч бас илүүг зөвлөж болно шүү.

Эх сурвалж: БизНет – А.Сарны хүн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s