Биеийн хэл буюу дотоод сэтгэлийн нууц

body language

-Шаравт хамт өвөлжье гэж хэлэв үү
-Хэллээ
-Тэгээд юу гэж байна
-Дуртай дургүй толгой дохиж л байна.
Эхнэр нөхөр хоёрын хооронд ийм яриа өрнөв. Эдний хүсэлтийн хариуд Шарав юм ярьсангүй, зөвхөн толгой дохижээ. Өөрөөр хэлбэл хамт өвөлжих саналыг нь зөвшөөрчээ. Гэхдээ цаанаа тийм ч дуртай биш байгаа аж. Үнийгээ тэр үйл хөдлөлөөрөө илэрхийлжээ.

Толгой дохиж зөвшөөрч буйгаа илэрхийлэх нь дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэлбэр. Тэгэхээр толгой дохих нь хүн төрөлхтний бүр өвөг хэл буюу харилцааны анхны хэрэглүүр байсан байж ч мэднэ. Энэ мэт үгээр бус үйл хөдлөл, нүүрний хувирал зэргээрээ санаа бодлоо илэрхийлэх ийм хэлбэрийг орчин үеийн шинжлэх ухаанд Биеийн хэл буюу /Body language/ гэж нэрлэдэг. Хөл гараасаа эхлээд нүд нүүрээрээ хүртэл хүн төрөлхтөн ярилцдаг аж.

Тэгэхээр биеийн хэл нь ярианы хэлтэй зэрэгцэн оршиж хүмүүсийн харилцааны хэрэглүүр болсоор иржээ. Хамгийн сонирхолтой нь биеийн хэл аль ч улс үндэстнүүдийн хувьд нийтлэг агаад ихэнхдээ орчуулах шаардлагагүй байдаг аж. Монголчууд хэл мэдэхгүй гадныхантай дохио зангаагаараа ойлголцчихдогийн учир энэ. Хэрэв энэ онцлог чанараар нь авч үзвэл хүмүүс хоорондын харилцааны анхны хэрэглүүр буюу хэл яриа үүсэхээс бүр өмнө хэрэглэгдэж байсан байх магадлалтай.

Бидний хамгийн сайн мэдэх Монгол үндэсний бүжиг бол өгүүлэмжийг үйл хөдлөлөөр илэрхийлэх сонгодог жишээ мөн. Өглөө ажилдаа ирээд даргыгаа аль хэр ааш сайтай байгааг асуултгүй мэдэж болно. Эхнэр тань харцаараа шилбүүрдээд өнгөрвөл асуудал тодорхой. Энэ мэтээр бид орчин тойронтойгоо үг яриагаар бус үйл хөдлөлөөрөө байнга мэдээлэл солилцож байдаг. Биеийн хэлний бас нэг сонирхолтой нь хүн төдийгүй ан амьтанд хүртэл ажиглагддаг. Нохой эрхлэхээрээ сүүлээ шарвагануулдаг, баярлахаараа үсчиж харайдаг байх жишээний. Биеийн хэлний тухай судлагдахуун нь шинжлэх ухааны олон салбарыг хамардаг.

Тухайлбал сэтгэл судлал, угсаатны зүй, түүх, сурган хүмүүжүүлэх гэхчлэн. Хүмүүс хоорондын харилцаа нь амьдралын хамгийн чухал тал бөгөөд бодол саналаа үгээр дамжуулах нь бурхнаас хуваарилсан том хишиг бөлгөө. Гэвч үүний зэрэгцээ санамсаргүй болон санаатай байдлаар биеийн хэлээрээ бас ярилцах нь заримдаа төвөггүй байдаг байж ч мэднэ. Бүр 1644 онд Дж.Балвер биеийн хэлний талаарх анхны номыг хэвлүүлсэн бөгөөд гарын хөдөлгөөнөөр бодол санаагаа хэрхэн илэрхийлдэг тухай голчлон өгүүлжээ. Хожим энэ бүтээл дохионы хэлийг хөгжүүлэхэд үндэс суурь болж байсан гэх баримт бий.

Биеийн хэлийг зөвхөн хөдөлгөөн хувирал гэж ойлгож бас хараахан болохгүй. Дууны өнгө хувирал, харц, амьсгаа, хөдөлгөөний хэмнэл, зүрхний цохилт, хөлс тэр ч бүү хэл үнэр гээд бүгд л тодорхой өгүүлэмжтэй байдаг аж. Монголчууд нүд бол сэтгэлийн толь гэж ярьдаг. Үнэхээр ч нүдний харц хөдөлгөөнөөр сэтгэлийн өнгө хувирлыг өгүүлэх боломжтой бөгөөд бүх юм нүүрэн дээр чинь бичээстэй байна гэхчлэн ярьдаг нь биеийн хэлийг сайн эзэмшсэн хүний хэлдэг үг гэнэ. Хүн уурлахад дуу хоолойны өнгө өөрчлөгдөж, чангардаг нь биеийн хэл ярианы хэл хоёр бие биеэ дэмжиж харилцан нөлөөлж байгаа нь тэр ажгуу.

Биеийн хэлийг сайн ойлгодог байх нь зөвхөн харилцааны хэрэглүүр болоод зогсохгүй өөрийгөө хянах ухамсарлах боломжийг хүнд олгодогоороо давуу талтай гэж эрдэмтэд үздэг. Манайхан “Зуу сонсохоос нэг хар” гэдэг. Бусдын биеийн дохионы хэл чихэнд бус шууд нүдэнд уншигддаг учраас ийн илүүтэй нөлөөлдөг бололтой. Биеийн хэлний хөгжлийн явц нь санаатай болон санаандгүй байдлаар өдөөгдөн хөгжсөөр иржээ. Хүн бүхэн өөрийн нууцтай. Бусдаас нууж хаах юм их.

Чухам энэ шинж нь биеийн хэл хөгжих, түүнийг тайлан унших сонирхолд хүмүүсийг хөтөлдөг гэж зарим нь нотолдог. Заримдаа яаж ч болохгүй шаардлагаар худлаа ярих хэрэг гарна. Харин үүнийгээ сайн халхалж чадаагүй бол хэлээрээ бус үйл хөдлөлөөрөө өөрийгөө илчилж орхидог. Хүн төрөлхтөн өөр хоорондын дайн тулаандаа сөргөлдөгч талынхаа биеийн хэлийг уншихад их анхаардаг байжээ. Түүнчлэн малчид малынхаа хэлийг уншиж цаг агаар, гай гамшгаас сэргийлэхийг хичээсээр иржээ. Ялангуяа Монголын нүүдэлчид малынхаа хэлийг гаргууд мэддэг ард түмэн.

Дундговь аймгийн Говь-Угтаал Цагаандэлгэр сумын хэсэг хүмүүс намрын дунд сарын шинийн нэгний шөнө Их Угтаалын уулан дээрээ гарч тэнгэрийн хаяаг шинждэг. Тэдний тэр шөнө гаргасан ирэх өвлийн цаг агаарын талаарх шинж таамаг ихэнхдээ таарч зудын хөлөөс зугтааж чаддаг ид шидтэй билээ. Энэ бол мөнөөх байгалийн хэлийг уншиж сурсны ач юм. Шинжлэх ухааны үүднээсээ биеийн хэлийг хамгийн сайн эзэмшсэн, илэрхийлж чаддаг хүмүүс бол эмэгтэйчүүд аж.

Тэд энэ талаараа эрчүүдийг дагуулдаггүй. Энэ нь тэдний төрөлх ааш аягтай холбоотой гэнэ. Биеийн хэлний өгүүлэмжийн талаар бид дараагийн дугаартаа нийтлэх бөгөөд харин энэ удаад хүн төрөлхтний бодож олж хамгийн их хэрэглэгдэх болсон биеийн хэлний V тэмдгийн талаар товч өгүүлье. Доловор дунд хуруугаа гозойлгон V хэлбэр-тэй болгон гарынхаа алгыг гадагш харуулах нь англи хэлний “Victory” буюу “Ялалт” гэсэн үгийн илэрхийлэл болдог.

Үүнийг дэлхийн хоёрдугаар дайны үед Английн Ерөнхий сайд Уинстон Черчилль анх яллаа гэдгээ ийн илэрхийлсэн гэх бөгөөд 1960-аад оны үед “Энх тайван” гэсэн санааг хэсэгтээ илэрхийлж байжээ. Харин зүүн Азийнхан энэ эдүгээ тэмдгээр бүх зүйл бүтэмжтэй эерэг гэсэн санааг мөн ийн илэрхийлэх болжээ.

Эх сурвалж: Нийслэл таймс

2 responses to “Биеийн хэл буюу дотоод сэтгэлийн нууц

  1. Монголчууд дэлхийн хөгжилөөс хол хоцорч яваа нэг тодорхой жишээ энэ!!! Гадаад орнуудад албан байгууллагуудын хүний нөөцийн алба нь мэрэгшсэн биеийн хэлний шинжээч нартай байдаг. Хүний үйл хөдлөл байгаа байдал зэрэг нь ярьж байгаа зүйлээс нь ч илүү мэдээллийг өгдөг юм шүү дээ. Манайх тэгэхэд нутаг нуга, анги сургууль, ах дүү төрөл садан,авилга гэх мэт балиар зүйлсээр ажлаа явуулдаг нь үнэхээр жигшилтэй. Гэхдээ өөрчилөлт хийж чадвал бүх зүйл сайхан болно. Бурхан өршөөх болтугай.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s