Хамтдаа атлаа ганцаараа

robot
Дижитал харилцаа холбоо өөр юунд ч баймгүй их хүчээр нийгмийг эзэлж, хүн техник технологигүйгээр амьдарч чадахаа больжээ. Гэхдээ үүнд Шерри Таркль шиг олон эрдэмтэн эмзэглэж байна. АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн профессор тэрбээр 1970-аад оноос хойш хүн, компьютер хоорондын харилцааг судалжээ.

Хатагтай Тарклийн судалгааны шинэ бүтээл “Хамтдаа атлаа ганцаараа: Бид яагаад технологиос ихийг, нэгнээсээ багыг хүснэ вэ” номонд орчин цагийн харилцаа холбооны арга барил хорвоогийн жам ёсыг хэрхэн гажааж байгааг өсвөр үеийнхний дунд хамгийн нийтлэг болсон бичил зурвасны соёл, “ухаалаг” гар утасны нөлөө зэргийг өгүүлсэн байна. Өнгөрөгч сарын сүүлээр Ш.Тарклийн “TIME” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

-”Хамтдаа атлаа ганцаараа” ном компьютерийн анхны программууд болон цахим ертөнцийн тухай Таны бичсэн өмнөх хоёр номтой нийлээд цогц бүтээл болжээ. Дэлхий нийт тооцоолуур ашиглаж эхэлснээс хойш бараг 30 жил улирсан байна. Энэ хугацаанд хүний технологид хандах хандлага хэр өөрчлөгдөв?
-Хүн технологиос сүрддэг, дэвшилтэт талыг нь биширдэг хэвээрээ байгаа. Харин өнгөрөгч хугацаанд хамгийн их ажиглагдсан зүйл гэвэл хүн хичнээн эмзэг, бүтээсэн нүсэр зүйлсийнхээ өмнө хичнээн хүчин мөхөс байдаг нь улам батлагдсан. Гар утас л гэхэд хүний оюун ухаанд ямар их нөлөөлөх болсныг хар. “BlackBerry” дээр анивчих жижигхэн улаан гэрэл хүмүүсийг тэвдүү, бухимдуу болгодгийг сэтгэл зүйчид баталсан. Хэнээс мессеж ирснийг мэдэх аргагүйгээ мэдсээр байж дуудлага юм уу мессеж ирснийг гэрчлэх улаан гэрлийг хараад жолооны ард явахдаа сандран хурдаа хэтрүүлдэг, хурдхан зогсч мессежээ унших гэж яардаг хүн хичнээн олон бэ гэж бодоход л гар утас бидний биш, бид гар утаснаас хараат болсон нь харагдана.

-Таны номын эхэнд одоогоор түгээмэл болоогүй зүйлсийг нэлээд дурджээ. Асрагч робот, роботон тэжээвэр амьтан, бүр сексийн хамтрагч роботын тухай хүртэл бичиж. Робот өнөөхөндөө дижитал роботын нэг хэсэг биш. Тэгэхээр “BlackBerry” шиг нөлөөтэй болоогүй баймаар.
-Эхний бүлэгтээ роботын тухай өгүүлсэн маань технологийн хэт хөгжлийн айсуй аюулыг л анхааруулсан хэрэг. Гар ажлыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэж, орон зайг багасгах үүргээ технологи хэдийнэ гүйцэтгэсэн. Харин орчин цагийн технологийн хөгжил үндсэндээ боломжгүй зүйлсийг боломжтой болгох, цахим ертөнцийн бүх л ололтыг гайхуулахад чиглэж. Гэвч хүнд ямар нөлөөтэй вэ, байгалийн анхдагч хэв, хэмнэлийг яаж шуухан өөрчлөх вэ зэрэгт технологийн салбарынхан санаа тавихаа бараг больсон. Үүний хамгийн тод илрэл робот бүтээгчдийн улайрал юм. Тэднийхээр робот технологийн бүх цаг үеийн хамгийн “амьд” бүтээл. Хүүхэд, залуус төмөр атлаа бүхнийг мэддэг, чаддаг найзтай болохыг улам л хүсдэг болж. Сүүлийн 30 жилд нийгэмд технологитой холбоотойгоор хамгийн их өөрчлөгдсөн хандлага бол хүнтэй төстэй-робот бүтээх боломжгүй гэх ойлголт бараг үгүй болсон явдал юм. Энэ талаар хүмүүс ярилцахдаа ч дуртай болж. Гэвч ямар ч чадварлаг робот хүнийг орлохгүй гэдгийг хүмүүс мэдэж байгаа атлаа ийм зүйлсэд татагдаж байгаа нь харамсалтай. Үүнийг л анхааруулах гэж роботтой холбоотой олон баримт дэлгэсэн. Техник технологийн хөгжил арван битгий хэл жилээр ч хэмжигдэхээ байж, өдөр хоног, сараар дэвшиж байгаа энэ үед машины ноёрхол ердөө л цаг хугацааны асуудал.

-Тэгэхээр бид “амьд” роботуудтай яаж харилцах ёстой вэ. Огт бүтээхгүй байя гэхээр технологийн дэвшил нэг талаар зогсоно. Харин боловсронгуй болгох гэж зүтгэвэл хожим хүний дайсан болж мэдэх дийлдэшгүй цэргүүдийг үйлдвэрлэх гээд байдаг.
-Роботыг бид чухам ямраар хүлээж авах вэ гэдэг л чухал. Одоо түгээмэл байгаа “Юу ч үгүй байснаас дээр” гэсэн хандлага “Бусдаас дээр” гэсэн тодорхойлолтоор солигдвол жинхэнэ аюул болно. Өөрөөр хэлбэл, “Роботон гөлөг байвал сайхан аа. Би амьтны үс ноосны харшилтай” гэдэг яриа “Дуулгавартай робот-нохой өвдөхгүй, үхэхгүй. Тэгэхээр шилдэг нь” гэсэн үгээр солигдохыг л би аюул гээд байгаа юм.

-Үүний цаана хүний харилцаа, сэтгэл зүйн асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Гар утас, компьютер, роботон амьтнаа гэсээр олон хүн нийгмээс хөндийрнө гэж үздэг мэргэжилтнүүдтэй Та санал нийлдэг үү?
-Нийлэлгүй яахав. Үүнд зовнидог хүний тоо хэдийнэ шинжлэх ухааны хүрээллээс хальсан. Орчин цагийнхан ярилцахаас илүү мессэж бичихийг, уулзаж танилцахаас илүү бичил блогоор нэгнийхээ зураг, бичлэгийг сонирхохыг илүүд үздэг болж. Энэ бүхэн хяналттай холбоотой. Харилцааны цахим хэлбэрүүдийг хүн хувьдаа тохируулж, цаг хугацаа, орон зайн илэрхийллийг нь ашигтайгаар өөрчилж болдог. Энэ нь зарим талаар давуу шинжтэй ч сэтгэл зүйн ухааны үүднээс судалбал хүнийг сул дорой болгож байна. Харилцааны цахим хэрэгслүүд бүгд хүний хяналтад байдаг нь хүнийг дотно, шинэ мэдрэмжээс эмээдэг болгох аюултай. Шинэ номын маань хоёрдугаар бүлэгт миний туршилт, судалгаануудын үр дүн багтсан байгаа. Судалгаанд хамрагдсан өсвөр насныхны 40 хувь нь “Надад тэр таалагддаг” гэсэн бодол зурс хиймэгц “Мессеж бичье, утасдъя. Бичил блог дахь нүүр хуудсанд нь сэтгэгдэл үлдээчихье” гэж боддогоо ярьсан. Энгийн зүйл мэт боловч энэ нь ирээдүйн аймшигт үзэгдлийн эхлэл. Дэлхий дахин бүл нэмээд ч нэмэргүй. Учир нь бид бүгдээрээ цахим сүлжээнд орооцолдсон ганцаардмал хүмүүс болно. Магадгүй бид байгалийн унаган гоо сайхныг мэдрэх, гар утас, компьютергүй энгийн харилцааны тухай ойлголттой хамгийн сүүлийн үеийнхэн ч байж мэднэ.

-Таны судалгаанууд үнэхээр сонирхолтой санагдсан. Ялангуяа гэр бүлийн оройн зоогны дүр зураг аргагүй төсөөлөгдөж байна билээ.
-Орой гэлтгүй өглөөний цай, өдрийн хоолны үеэр ширээн дээр гар утсаа тавьдаг, хажуудах хүн нь утсаар байнга ярьдаг юм уу мессеж бичдэг гэсэн хариулт миний судалгаанд хамрагдсан ихэнх хүүхдээс ирсэн юм. Гэрийнхнийх нь байнгын түгшүүртэй, ямар нэг юм хүлээж байгаа мэт байдал хүүхдүүдийг ганцаардуулдаг нь тогтоогдсон. Миний асуултад хариулсан бага, өсвөр насныхны 56 хувь гар утас, зөөврийн компьютерээсээ салдаггүй ажил хэрэгч эцэг, эх нь өөрсдийг нь огт тоохгүй байх шиг сэтгэгдэл төрдөг гэсэн.

-Бага, өсвөр насныхны дунд ганцаардах, бухимдах нэмэгдсэн нь Таныхаар технологитой холбоотой гэж ойлгож болох уу?
-Яг ч тийм биш. Тэд зүгээр л төөрөлдчихөөд байгаа. Томчууд ч ялгаагүй. Өөрсдөө л мэдэхгүй болохоос томчуудын дунд гар утасны цангинасан дуунд бухимддаг атлаа байхгүй болохоор нь гар мухар мэт болдог улс олон шүү дээ. Тиймээс л би номоо “Хамтдаа атлаа ганцаараа” гэж нэрлэсэн. Сайт, блог, мессенжер, мессеж, чаат гээд цахим харилцааны олон хэлбэрээр холбогдож, нэгдэж чадаж байгаа атлаа орчин цагийнхан дор бүрнээ ганцаардмал хувь хүн болчихжээ гэдэг санааг л би дэвшүүлсэн юм. Цаг улирах тусам энэ аюул бүр ч нэмэгдэнэ. Хэдхэн зуун жилийн дараа ганцаардлыг мэдэхгүй атлаа ганцаардмал хүмүүсээр дэлхий дүүрнэ.

Эх сурвалж: Монголын үнэн

One response to “Хамтдаа атлаа ганцаараа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s