Зөгий мөхвөл хүн ч бас мөхнө

honeybee

Вангагийн тооцоо хоёр жилээр зөрсөн
Дэлхий даяар зөгий үй олноороо үгүй болох үзэгдэл 2004 оноос эхэлнэ гэж Ванга айлджээ. Гэвч зөгий түүний зөгнөснөөс хоёр жилийн дараа устаж эхэлсэн юм. Эрдэмтдийн үзэж буйгаар эдүгээ экологийн энэхүү сүйрэл аюулын харанга дэлдэж эхлэв.

АНУ-д өвөл болгон зөгийн сүргийн гуравны нэг нь үрэгдэх болж. Энгийн үед энэ нь ердөө аравны нэг гэсэн үзүүлэлттэй байдаг. Европт жил бүр зөгийн 20 хувь нь устаж байна. Мөн Латин Америк, Азид ч зөгийн тоо толгой огцом цөөрөх болжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон хөдөө аж ахуйн “Rabobank” банкны мэргэжилтнүүдийн саяхан гаргасан илтгэлд түгшүүр төрүүлэм статистикийг дурдсан байна. Эрдэмтдийн тооцоолсноор 1961 оноос эхлэн дэлхийн зөгийн сүргийн тоо хоёр дахин багассан бөгөөд нэг га талбайд ногдох зөгийн тоо 90 хувиар буурсан байх юм. Энэ нь хүн төрөлхтөнд ямар аюул даллаж байна вэ?

Эйнштейн үргэлж зөв байдаг
Хэрвээ зөгий хорогдож бүрмөсөн мөхвөл дөрвөн жилийн дараа хүн төрөлхтөн мөн мөхнө. Алдарт физикч Альберт Эйнштейн 1940-өөд онд ийм таамаг дэвшүүлжээ. Магадгүй тэрбээр үүнийг хошигнож хэлсэн байж болох ч үнэний ортой нь амьдралд батлагдсаар байна. Учир нь зөгий манай гаригтай салах ёс гүйцэтгэж байгаа нь эдүгээ эрчээ авсан хүнсний хямралыг даамжруулах магадлалтай юм.

Хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн Игорь Дорониний тайлбарласнаар хүн төрөлхтний хүнсний нөөцийн гуравны нэгийг бий болгодог ургамлыг шавьж тоосжуулдаг аж. Шавьжны тоос хүртээгүй ургамал, мод тийм ч их биш. Зөгийн тоо толгой жил ирэх тусам их хэмжээгээр цөөрч байгаа нь хүнсний хомсдол үүсгээд зогсохгүй хүний оршин байх эсэхэд ч нөлөөлөх гэнэ.

Тоос хүртээгч шавьжгүйгээр самар, алим, амтлаг гуа, жүрж, сонгино, цэцэгт байцаа, хурган гуа, чинжүү, баклажан, өргөст хэмх, улаан лооль, эрдэнэшиш, кофе, какао, авокадо, наргил мод гээд хүнсний олон ургамал ургахгүй. Эдгээр нь ямар амтлаг билээ дээ. Хүний биед шаардлагатай калорийн 35 хувь болон минерал, аминдэм, антиоксидантийн дийлэнх хэсгийг бид жимс, ургамлаас авдаг болохоор халаглахгүй байхын аргагүй юм.

Зөгийн бал уу, гар утас уу?
Зөгийг нөгөө ертөнц рүү чухам юу илгээгээд байна вэ? Эрдэмтэд уйгагүй судалж байгаа ч тодорхой шалтгаан олоогүй л байна. Зөгийг хамгаалах дэлхийн сангийн сайтад зөгийн цаг бусаар хорогдож байгаа шалтгаанд экологийн тэнцвэр алдагдсан, балтай цэцэгт ургамлын тоо цөөрсөн, зөгийн өвчин элбэгшиж сүргийн дархлаа бүхэлдээ суларсан зэргийг дурджээ. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд химийн бодис ихээр хэрэглэдэг нь энэ шавьжны үржил, өсөлтөд сөргөөр нөлөөлөх болж.

Эрдэмтдийн тогтоосноор пестицид зөгийн дархлааг хамгийн ихээр муутгадаг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний хомсдолд өртөхгүйн тулд пестицидийг аль болохоор хэрэглэхгүй байхыг дэд эрдэмтэн Доронин зөвлөж байна.

Герман, Франц, Британи, Итали зэрэг улсад уг бодисын зарим төрлийг хэрэглэхийг хоригложээ. Гэсэн ч химийн бодисын хэрэглээнээс хүн төрөлхтөн нэг л татгалзаж чадахгүй байна. Жил бүр дэлхийн хүн ам 100 саяар нэмэгддэг болохоор арга ч үгүй биз. Зарим улсад зөгий балаа цуглуулахаар нисдэг цагаар химийн хортой бодисыг хэрэглэхийг хориглох зэргээр зохицуулалт хийж болно гэж Доронин үзэж байгаа юм.

Зөгийн амьдралын хэв маягт саад учруулж байж мэдэх шалтгаанаар эрдэмтэд мөн цахилгаан соронзон туяаг нэрлэж байна. Хорт туяаны гол эх сурвалж нь холбоо харилцаа. Энэтхэгийн Панжабын их сургуулийн эрдэмтэд туршилтынхаа дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Тэд гурван сарын турш хоёр үүрний бүл зөгийнүүдийг туршилтад хамруулсан байна. Эхний үүрний зөгийнд хоёр гар утсыг өдөрт хоёр удаа 15 минутаар ажиллуулан цахилгаан соронзон туяаны нөлөөллийг ажигласан аж. Харин хоёр дахь үүрнийхэн туяаны ямар ч хамааралгүй байж. Ингэсний дүнд эхний үүрний эм зөгий соронзон туяанд хордоогүй зөгийг бодоход бага өндөг дарсны зэрэгцээ бал нь ч хамаагүй багассан байжээ. Мөн эхний үүрний ажилчин зөгий бал цуглуулахаар гараад эргэж гэртээ ирэх нь цөөрсөн аж.

Холбоо харилцааны салбарынхан цахилгаан соронзон туяа шавьж хорхойнд аюулгүй хэмээн мэдэгддэг ч хэзээ нэгэн цагт бидэнд зөгийн бал, гар утас хоёрын аль нэгийг сонгох цаг ирэх ч юм билүү, хэн мэдлээ.

Мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглаж байгаагаар зөгийн өнөөгийн хурдацтай хорогдлын хандлага энэ хэвээр үргэлжилсээр байвал 2035 он гэхэд зөгий бүрэн устах аюултай гэнэ. Тэгвэл Эйнштейний зөгнөсөнчлөн 2039 онд манай гаригт нэг ч хүн үлдэхгүй нь бололтой.

Хачиг буруутай юу
Зөгийн мөхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч зөгийтэй төстэй шавьжнуудыг хачиг хөнөөдөг байж болзошгүй гэж Оросын зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн зөгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тэмцэх хэлтсийн дарга, мал эмнэлгийн ухааны дэд эрдэмтэн Людмила Соловьева таамаглаж байна.

Хачиг нь зөгийн өвчин буюу варроозийг үүсгэж, улмаар ийм өвчинд өртсөн зөгий үүрээ орхин үхдэг аж. Ийм үзэгдэл намар ойртох тусам ихэсдэг гэнэ. Хачгийг илрүүлэхийн тулд нарийвчилсан анализ хэрэгтэй. Учир нь өвчин тэр дороо биш халдвар авснаас 3-4 жилийн дараа илэрдэг. Тиймээс эмчилгээний хувьд ажиллагаа их шаарддаг байна.

Мэргэжилтнүүдийн сэрэмжлүүлэг
38 орны 174 эрдэмтэн оролцсон саяхны судалгаагаар ойрын хугацаанд мянга гаруй төрлийн амьтан устана гэж биологичид таамаглажээ. Ойрын 10 жилд сээр нуруутан амьтдын тавны нэг, акул, мөгөөрст загасны гуравны нэг нь устах эрсдэлтэй гэнэ.

Мэргэжилтнүүдийн баталснаар экологийн тэнцэл алдагдаж, байгалийн нөөц баялаг хомсдож байгаагаас шалтгаалан жил бүр 52 төрлийн амьтанд мөхөх аюул нүүрлэх болжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ ихэсч, ой мод сүйдэх болсон нь Зүүн өмнөд Азийн амьтдад хүндээр тусч байна. Төв Америк, Андын нуруу, Австралид хоёр нутагтан амьтдын 41 хувь нь мөхлийн ирмэгт тулаад байна. Сэтгэл эмзэглэм энэхүү мэдээллийг Британийн экологи, гидрологийн төвийн эрдэмтэн Крис Ридингийн ахалсан олон улсын баг гаргажээ.

Түүний хэлснээр сүүлийн жилүүдэд могойн үржил мөн хэд дахин багассан аж. Сүүлийн 20 жилд амьдарч буй газраасаа үл хамааран могойн бараг бүх төрөл зүйл түүхэндээ анх удаа огцом цөөрсөн гэнэ.

Британи, Франц, Итали, Нигери, Австралид амьдар-даг одоогоор судлагдаад байгаа 17 төрлийн могойн 11 зүйл нь 90 хувиар хорогджээ. 1998 он могойн мөхлийн оргил үе байж. Харин яагаад ингэтлээ цөөрсөн нь оньсого хэвээр үлджээ. Тухайн онд цаг уурын хувьд сэтгэл түгшээх онцгой өөрчлөлт гараагүй аж.

Экологич Крис Ридинг могойн тоо толгой цөөрсөөр байгааг уур амьсгалын өөрчлөлт, могойн гол зоог болдог мэлхийн тоо огцом буурсан мөн хүний нөлөөгөөр амьдрах орчных нь тав тух алдагдсантай холбон тайлбарласан байна.

“Science” сэтгүүлд нийтлэгдсэн саяхны нэгэн судалгаанаас үзвэл амьтдын төрөл зүйлийн оршин амьдрах орчин нөхцөлийг хамгаалах талаар хүчин чармайлт гаргахгүй бол хорогдол нь 20 хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймээс 2020 онд экологийн байгууллагууд хуурай газрын 25, далайн тэнгисийн 15 хувьд хамгаалалтын бүс байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар хуурай газрын 14, далай тэнгисийн ердөө нэг хувь л тусгай хамгаалалтад байна.

Эх сурвалж: Монголын үнэн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s