Сансрын уудмаас дэлхийд ирэх аюул бараг байхгүй

magnetar

Эрдэмтэд бараг долоо хоног бүр хүн төрөлхтөнд аюултай ямар нэгэн зүйл нээж илрүүлдэг болжээ. Тэр бүхнийг хэвлэл мэдээллийнхэн нэмж “давсалдаг” нь дэлхий дахиныг айдаст автуулах болж. Сүүлт од, тэсрэгч од, бөхөж байгаа нар гээд олон нийтийг түгшээсэн мэдээллийг тоочоод барахгүй.

Штернбергийн одон орон судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, доктор Сергей Попов эдгээрийн тухай “РИА Новости” агентлагийн тоймч Самир Шахбаазтай ярилцсан байна. Тэрбээр жинхэнэ аюул хаана байгаа тухай, магнетар буюу нейтрон одны хамгийн эрс тэс хэлбэрийн тухай ярьжээ.

-Интернэтээр аялах бүртээ дэлхийн мөхөл ойртсон тухай мэдээлэл, ямар нэг нийтлэлийг хүссэн, хүсээгүй олчих юм. Дэлхийн мөхлийн шалтгаан болж болзошгүй гэсэн олон хүчин зүйлийн уртаас урт жагсаалтад сүүлд магнетар гэдэг үг бичигдсэн байсан. Магнетар гэж юу вэ?
-Магнетар бол нэг төрлийн нейтрон од. Нейтрон од хүнд масстай оддын хувьслын сүүлийн бүтээгдэхүүн, астрофизикийн тун өвөрмөц биет. Од эрхэс дэлбэрэхэд цөм нь алдагдаж, 10 орчим км-ийн голчтой асар том хүрээ үүсгэдэг. Тэр дотор физикийн бүх үндсэн онол, үйлдэл агуулагддаг.

-Тэгэхээр нягтрал ихтэй гэсэн үг үү?
-Тийм ээ. Магнетар жингийн хувьд нартай бараг ижил, зарим нь бүр илүү хүнд. Нейтрон одны олон төрөл байдгаас хамгийн сонирхолтой, хамгийн эрс тэс хэлбэртэй нь магнетар юм. Тусгай соронзон орон зэрэг бусдаас ялгарах олон содон шинж магнетарт бий. Бид дунд сургуульд физикийн хичээлд үздэг шүү дээ. Соронзон орон цахилгаан гүйдлээс үүсдэг гэж. Магнетар тийм гүйдлээс эрчим хүч хуримтлуулдаг. Харин эрчим хүч татах үйлдэл нь хурц туяа, цацраг үүсгэдэг юм. Энэ их аюултай үзэгдэл.

-Огторгуйд энэ нь хэр тод харагддаг бол?
-Тэнгэрийн заадсаас ч тод үзэгддэг. Эрчим хүч хуримтлуулж, цацраг ялгаруулах яг тэр мөчдөө огторгуйг ч бүхлээр нь гэрэлтүүлэх нь бий. Бяцхан нейтрон од заримдаа тэнгэрийн заадсын ялгаруулдгаас ч их эрчим хүч ялгаруулдаг. Энэ нь хэдийгээр аюултай ч одод нэгнээсээ асар хол оршдог учраас хөнөөлт гамшиг нь бага. Ялангуяа том одод бүр хэдэн зуун мянган гэрлийн жилийн алсад оршдог. Гэхдээ хэдхэн арван гэрлийн жилийн зайтай бол аюул нь их. Азаар магнетар дэлхийд ойртох юм уу дэлхий дээр унах магадлал 30 сая гаруй тохиолдолд ердөө нэг л байдаг.

-Хэдий хол ч гэсэн магнетарын цацраг дэлхийд нөлөөтэй юу?
-Бараг үгүй. Тиймээс магнетараас болж дэлхий мөхнө гэдэг нь үндэслэлгүй таамаглал. Одоогоор хүн төрөлхтний харсан хамгийн тод магнетарын цацраг 2004 онд үзэгдсэн. Энэ нь дэлхийн соронзон мандалд шүргэх төдий өнгөрсөн. Үүнийг зөвхөн эмзэг, жижиг биетэй амьтан, бичил биет л мэдэрнэ. Харин хүнд юу ч анзаарагдахгүй. Хэдий харагдахгүй ч цацраг нь хурц үед магнетарын туяа хиймэл дагуул, сансрын хөлгийг гэмтээх хүчтэй. 1979 онд Санкт-Петербург дахь одон орон судлалын хүрээлэнгийнхэн анх магнетарыг нээсэн. Тус хүрээлэнгийнхэн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар магнетарын туяаг харсан анхны хүмүүс юм. Гэхдээ нейтрон оддын туяа дэлхийд ойр үзэгдэх тохиолдол гарлаа гэхэд ямар нэг хамгаалалтгүйгээр магнетарын цацраг уруу харж болохгүй. Эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Харин толь, шилэнд туссан туяа нь хоргүй.

-Магнетарыг хүн төрөлхтөн ердөө 1979 онд нээсэн гэлээ. Тэгэхээр бидэнд энэ оддын тухай мэдээлэл хомс гэсэн үг үү?
-Нэг талаар тийм. Гэхдээ астрофизикийн ухаан сүүлийн хэдэн жилд их хурдан хөгжиж байна. Дэвшилтэт технологийн ачаар одоо одон орон судлалд ашиглаж болох ямар ч дуран авай, төхөөрөмж бүтээх боломжтой болж. Магнетарыг нээснээс хойш 30 гаруй жилд эрдэмтэд онцгой нейрон оддын хамрах хүрээг судалсаар байна.

-Тэгвэл магнетарыг алс холын аюул гэж үзэж болох нь. Дэлхийг мөхөөж мэдэх хамгийн ноцтой аюул сансрын уудмын хаана байна вэ. Сүүлт од дэлхий дээр унах уу. Нар гэнэт гэрэлтэхээ болих уу?
-Хүн бол нэг төрлийн амьтан учраас мэдэхгүй зүйлээсээ айх нь байгалийн жам. Тиймээс сансар огторгуйг үргэлж сүрдсэн, айж түгшсэн нүдээр хардаг. Гэхдээ шинжлэх ухааны түүх, хүн төрөлхтний хөгжлийн түүхэн замналыг харахад сансрын уудам үнэндээ дэлхий ертөнцөөс ч тайван амгалан, тогтвортой газар юм. Дэлхийн хэмжээнд сүйрэл авчирсан сансартай холбоотой нэг ч гамшиг, аюулт үзэгдэл түүхэнд бүртгэгдээгүй шүү дээ. Зөвхөн бүс нутгийн үйл явдлууд л бүртгэгдсэн.

Жишээлбэл, Тункускын дэлбэрэлт байна. Азаар дэлхийн гадаргын ихэнх хэсэг далай тэнгис, цөл учир хүн ам шигүү суурьшсан нутагт сансрын хөнөөлт үзэгдэл болох магадлал тун бага. Магнетарын цацраг, гамма туяаны нөлөө, супернова буюу тэсрэгч од, сансрын тоосонцор гээд байж болох аюул мэдээж олон. Гэхдээ хэзээ ч болохгүй байж мэдэх ийм үзэгдлүүдээс айна гэдэг утгагүй.

-Сансрын уудмаас дэлхийд аюул нүүрлэх нь, ялангуяа магнетарын нөлөө дэлхийд ойртох нь хэдэн саяд ердөө нэг гэсэн. Харин тэр олон тохиолдол, энэхүү багцаалсан цаг хугацааны чухам хаана нь одоо бид байна вэ?
-Хэдэн саяд нэг удаа гэдэг нь зөвхөн харьцангуй тооцоо. Төдий хугацааны дараа иймэрхүү юм болно гэж тодорхойлох боломжгүй. Энэ нь ердөө тохиолдлын явдал. Зуун сая орчим жилийн өмнө үлэг гүрвэл чухам ямар шалтгаанаар мөхсөнийг бид одоо ч тодорхой мэдэхгүй шүү дээ. Маргааш юу болохыг ч бид таамаглаж чадахгүй. Баримтад л найдаж болно. Сансар огторгуй одоогийн бидний мэдэхээр нэлэнхүйдээ хоосон. Тэгэхээр зам хөндлөн гарч байгаад золгүйгээр машинд дайруулдаг шиг явдал сансар огторгуйд хэзээ ч болохгүй. Сансрын бүх үйл явц физик, химийн урвал, хувьслаар явагдаж байгаа. Тэр бүхнийг олж мэдэж, учрыг нь ухаарч чадах уу гэдэг л бидний асуудал.

-Гэхдээ солир юм уу, сүүлт од дэлхийг чиглэн ирлээ гэвэл энэ нь машинд мөргүүлэхтэй ижил биш гэж үү?
-Голч нь нэг км юм уу түүнээс том солирыг аюултай гэж үздэг. Гэхдээ нэг км өргөн солир ч дэлхийн хэмжээний гамшиг үүсгэхгүй. Тункускын дэлбэрэлтийн адил бүс нутгийн хэмжээнд л сүйрэл авчирна. Нэг км-ээс илүү өргөн голчтой сансрын биет дэлхий рүү айсуй гэвэл хол байхад нь илрүүлэх бүрэн боломжтой.

-Аварга том солир дэлхий дээр унах нь гэвэл хүн төрөлхтөн юу хийж чадах вэ. “Армегеддон” кино санаанд буулаа.
-Энэ кинонд өгүүлдгээс ялгаатай нь дэлхийг бүхлээр нь мөхөөх чадвартай аварга солирыг дэлхийд ойртохоос нь хэдэн арван жилийн өмнө олж тогтоох боломжтой. Харин тогтоосон цагт тэсэлж бутлахаас эхлээд чиглэлийг нь өөрчлөх гээд олон арга бий. Ер нь сансрын уудмаас дэлхийд ирэх аюул байхгүй гэж би хувьдаа боддог. Жинхэнэ аюул бидний дотор бий. Эх дэлхийдээ хэрхэн хандахаас бүх зүйл шалтгаална.

Эх сурвалж: Монголын үнэн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s