Ганц дэлхийгээ зургаан тэрбумуулаа хайрлая

save earth
Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй олон асуудал ялангуяа, байгаль орчны доройтлын талаарх мэдээлэл хэний ч чихний хажуугаар өнгөрөхөө больж бүгдийн сэтгэлийг зовоох болов. Энэ бүхэн хүн төрөлхтөн бид олууллаа болсны хариу.

Гэвч үүнийг засч залруулан, амар амгалан амьдрах боломж бидний өөрсдийн гарт буйг “Дэлхийн байгаль хамгаалах сан” сануулж байна. Үүний тулд хүн бүр ажил, амьдрал, амралт, чөлөөт цагтаа багахан өөрчлөлт гаргахад л болно.

Зургаан тэрбум гаруй хүмүүст ганцхан дэлхийгээ төдийгүй өөрсдийн амьдралаа хэрхэн хайрлахыг заасан уриалга зөвлөмжийг хүргэе.

Айл гэр, амьдралын хүрээнд

Цахилгааны төлбөрийн 15 хувь нь зөвхөн гэрлийнх байдаг бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй шил гэрэлтүүлэгт зарцуулж буй мөнгийг 70 хувиар хэмнэдэг байна. Зарим төрлийн цахилгаан хэрэгсэл тухайлбал, тоон системийн телевиз түр зогсолтын горимд байхдаа ч асаалттай үеийнхтэйгээ ижил хэмжээний цахилгаан зарцуулдаг. Тиймээс ашиглаагүй үедээ гэрэл, цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж занших хэрэгтэй.

Энэ нь мөнгө хэмнэх төдийгүй байгаль хамгаалах үйлсэд том хувь нэмэр болдог. Хүн болгон үүнийг дагавал цахилгаан станцууд бага нүүрс шатааж, агаарт бага л хорт хий цацагдана.

Мөн гэрийн дулааны гуравны нэг нь дулаалга муутай хана, дээврээр алдагддаг байна. Цонхоо давхар шиллэхэд л дулаан алдалтыг 50 хувь бууруулах боломжтой. Багахан зардлаар хана, тааз, цонхоо сайтар дулаалж их хэмжээний мөнгө хэмнэх боломж байгааг мэргэжилтнүүд сануулж байна.

Үүнээс гадна өрөөний дулаан тохируулагчаа нэг хэмээр бууруулахад л дулааны төлбөр 10 хувиар багасдаг нь тогтоогджээ. Тав тух алдагдаж, даарсан талаар нэг ч гомдол харин гараагүй гэнэ. Мөн гэр хорооллынхон салхи нэвтрүүлдэггүй давхарга нэмж, байр, орон сууцныхан шөнийн цагаар хөшгөө хаах нь энгийн боловч эдийн засгийн хувьд үр дүнтэй.

Өрх гэрийн зардлыг бууруулж, мөнгө хэмнэх өөр нэг хэсэг нь усны тоолуур болон жорлонгийн суултуурын ус хэмнэт суурилуулах. Энэ талаар энгийн арга ч байдаг. Жорлонгийн ус хураагуурт тоосго суурилуулахад л усны эзлэхүүнийг багасгаж хэмнэлт гаргадаг. Ус чандмань эрдэнэ. Тиймээс дэлхий нийтийн хэмжээнд усны нөөц хомсдон аюулын харанга дэлдэх болсон өнөө үед унданд хэрэглэдэг цэвэр усаар зүлэг услах нь дэндүү хайран. Үүний оронд борооны болон хаврын цасны ус цуглуулан хэрэглэдэг олон улсад хэдийнэ хэрэглэгдэж эхлээд буй аргыг айл өрхийн хэмжээнд ашигладаг болохыг уриалжээ.

Хоол хүнсний талаар

Бордоо үйлдвэрлэхэд их хэмжээний эрчим хүч зарцуулдаг. Харин байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эрчим хүч 40 хувиар хэмнэдэг. Тиймээс улирлын хүнсийг улиралд нь хэрэглэж заншихыг зөвлөжээ. Тухайлбал, намрын ногоо амттайгаас гадна боловсруулалт бага орсон тул хямдхан. Өвөл хүлэмжид гүзээлзгэнэ тариалахад 24 дахин их түлш зарцуулдаг.

Энэ мэт боловсруулалт ихээр шардах нь эрүүл мэнд, байгаль орчны аль алиныг доройтуулдаг. Өөрөөр хэлбэл, олон дамжлага дамжин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болтлоо боловсруулагдсан хүнсийг өндөр үнээр авч хэрэглэх болдог нь өрхийн төсөвт сөргөөр нөлөөлдөг бол дэлхий даяар хэдэн сая боловсруулах үйлдвэр ажиллаж хаягдал гарган, хорт хий ялгаруулж байгаль орчныг сүйтгэж байгаа билээ. Эдгээр дээр тээвэрлэлтийн үед ялгарах нүүрсхүчлийн хийг нэмэгддэг.

Өөр нэг анхаарал хандуулах хоол хүнстэй холбоотой сэдэв хог хаягдал. АНУ-ын ХААЯ-ны мэдээлсэнээр америкчууд жилд таван сая кг жимс, ногоо хаядаг. Энэ зөвхөн нэг улсын хэмжээ. Хоолны үлдэгдэл, хаягдлыг ил задгай хаяж, булж устгавал нүүрсхүчлийн хийнээс илүү аюултай метан хий болон хувирч, озоны давхаргыг хамгийн ихээр сүйтгэж буй хүлэмжийн хийн хэмжээг нэмдэг юм.

Тиймээс идэх хэмжээгээрээ хоол хүнсээ бэлтгэж сурахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эдгээрээс гадна:

-Ченжийн гар дамжин, нянгаар бохирлогдсон, тээвэр түлшний зардал нэмэгдсэн хүнс, жимс, ногоо худалдан авахгүй байхыг. Тарьж ургуулсан хүнээс нь шууд худалдан авах.
-Орон нутаг, эх орны үйлдвэрийн хүнсийг худалдан авах. Ийм хүнс тээврийн зардал бага шингэсэн тул хямдхан.
-Хүнсэндээ хэрэглэх жимс, ногоогоо тарьж ургуулах. Энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй эрүүл, чанарлаг хүнсээр хангагдах баталгаатай арга билээ.
-Хэт боловсруулсан хүнснээс зайлсхийх.
-Савласан ус бус крантны ус уух. Химийн найрлага ороогүйгээс гадна хэрэгтэй шимт бодисоосоо салаагүй байдаг. Мөн усаа химийн бүтээгдэхүүнээр хордуулахгүйн тулд цэвэрлэгээний бодис, аяга таваг угаагч, биеийн шингэн саван, шампунь зэргийн хэрэглээг хоёр дахин багасгах.
-Аливаа хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүнээ эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг, мөн байгаль орчинд ээлтэй аргаар бэлтгэгдсэнийг сонгох. Тухайлбал, хууль бус аргаар барьсан, тор тавьж, дэлбэлж алсан загас худалдаж авахаас татгалзахыг дэлхийн иргэдэд “Дэлхийн байгаль хамгаалах сан” уриалсан байна.

Аялал, жуулчлалын хүрээнд

Гурван км хүртэлх зайд автомашин хэрэглэхгүй байх нь мөнгө хэмнэхээс гадна эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд ээлтэй. Ер нь аль болох явган явж, дугуй хэрэглэж заншихыг эрүүл мэндийн салбарынхан цөхрөлтгүй сануулсаар байна. Машинтай байх зайлшгүй шаардлагатай бол шатахуун бага зарцуулдаг эсвэл цахилгаанаар ажилладаг хөдөлгүүртэйг сонгох нь дээр.

Мөн унаагаар амжуулах ажлаа бөөгнүүлж эс бөгөөс бусадтайгаа хамтатган амжуулж хэвшихийг зөвлөсөн байна. Ийм тохиолдолд зардал 50 хүртэл хувиар буурдаг бөгөөд байгальд үзүүлэх хорт нөлөө ч төдий хувиар багасна. Түр зогслоо ч хөдөлгүүрээ унтрааж занших нь шатахууны зардал хэмнэж, нүүрс хүчлийн хийн ялгаралтыг бууруулдаг.

Холын аянд 500 км-ээс дотогш зайд зорчихдоо онгоцоор нисэхээс татгалзаж бусад тээврийн хэрэгсэл сонгохыг зөвлөжээ. Энэ нь замдаа байгалийн сайхан, бүтээн байгуулалтын гайхамшгийг бахдах боломж олгохоос гадна мөн мөнгө хэмнэж, байгаль орчинд эерэгээр нөлөөлнө. Зайлшгүй нисэх шаардлагатай бол Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн аялал төлөвлөгчийг ашиглан байгаль орчинд аюул багатай нислэг сонгохыг зөвлөжээ.

Бусад зөвлөгөө

Баглаа, сав, боодлын үнэ шингэсэн байдаг тул нарийн, чамин баглаа боодолтой бараа, бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхий.

Орон нутгийн буюу гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хүнсээ цуглуулсан нь дээр. Энэ тохиолдолд барааныхаа чанарт анхаарал хандуулахад илүүдэхгүй. Зах, том дэлгүүрүүд хямд байж болох ч ирж очих зардал, цаг зарцуулалтаа тооцоход үр дүн нь ижил.

Угаалгын машиныхаа усыг 30 хэмээс бүү хэтрүүл. Хэдийгээр угаалгын чанарт бага зэрэг нөлөөлөх ч цахилгааны төлбөр хэмнэнэ.

Ундааны сав, шил, хуванцар зэргийг ил задгай хаяж орчноо бохирдуулснаас тусгай цэгт тушаагаарай. Ширхэг хөнгөн цагаан лаазыг эргүүлэн ашиглахад ширхэг эрчим хүчний хэмнэлттэй гэрлийг 140 цаг асаахад хүрэлцэх эрчим хүч хэмнэдэг.

Хөргөгчөө 3-5 хэмд ажилуулахад доторх хүнсний чанарт өөрчлөлт орохгүй ч цахилгааны төлбөрийг хэмнэдэг.

Нэг удаагийн бус дахин цэнэглэх боломжтой зай хэрэглэ.

Энэ бүхний эцэст “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гийнхан байгальд хортой, хулгай, хууль бус аргаар үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас ямагт татгалзахыг дэлхийн бүх иргэдэд уриалсан байна. Байгаль, дэлхийгээ аварч, нийтээрээ амгалан амьдрах гол үндэс өндөр ёс зүй, ухамсартай соёлт иргэд гэжээ.

Эх сурвалж: Монголын үнэн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s