Үгийн сүлжээ ухаантай болгодоггүй

crossword
Үгийн сүлжээ зэрэг оюуны тоглоом ой ухааныг дасгалжуулдаг хэмээн батлагдсан дүрэм мэт ярьдаг. Ер нь сэтгэн бодох тоглоом оюуны чадавхийг сайжруулдаг гэдэг. Харин бидний тархины үйл ажиллагаанд ашиг тустай хэмээн үздэг бүхэн сайн биш болохыг мэдрэлийн физиологичид анхааруулж байна. Үгийн сүлжээ бөглөх дур сонирхол нь судсыг улам хатууруулдаг ба хийсвэр сэтгэлгээний олон тоглоом зүгээр л ямар ч ашиггүй байдаг гэнэ.

Хийсвэр сэтгэлгээний болон оюун ухаан сорьсон тоглоомууд “тархийг хатангиршихаас сэргийлдэг” хэмээдэг. Нас дээр гарсан хүмүүст ой ухаанаа сэргэг байлгахын тулд шоо эвлүүлж, үгийн сүлжээ бөглөхийг зөвлөж байна. Хүүхдүүдэд шүлэг цээжлүүлдэг байхад, залуус чөлөөт цагаа оюунаа хөгжүүлэхээр сэтгэн бодох чадвар шаардсан тоглоом тоглодог. Оюун ухаанаа хөгжүүлж, тархиа идэвхтэй байлгах хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэсэн ч оюуны чадавхид ашигтай хэмээн бидний үздэг бүхэн үнэндээ тийм биш аж.

Сүүлийн жилүүдэд мэдрэлийн физиологичид сонирхолтой, гэхдээ оюун ухаан сорьсон тоглоомын ашигтай гэдэг талаар хоорондоо олон талаар зөрчилдсөн мэдээллүүд өгөх болжээ. Үгийн сүлжээ бөглөх зэрэг нь тархийг “залуужуулдаг” болохыг Британийн эрдэмтэд нотолсон байна. Хийсвэр сэтгэлгээний бодлого бодох нь тархины цусан хангамжийг сайжруулдаг, өөрөөр хэлбэл, биеийн дасгал хөдөлгөөн хийсэнтэй адил нөлөөтэй болохыг Дублины Тринитийн коллежийн профессор Иэн Робертсон, түүний нөхөд нотолжээ. 65-аас дээш насныхан байнга үгийн сүлжээ бөглөж, шоо эвлүүлж байвал ой санамж муудах болон Альцгеймерийн өвчин тусах нь ховор болохыг Британийн мэдрэлийн физиологичид мэдэгджээ.

Тэгвэл Чикагогийн мэргэжилтнүүд мөн тийм судалгаа явуулаад дээрх нааштай дүгнэлтэд нэгэн чухал засвар оруулсан байна. Эхний үедээ тэд үгийн сүлжээг хүлээн зөвшөөрч, оюуны тийм зугаа тархи хөгшрөх үйл явцыг үнэхээр удаашруулдаг гэж үзжээ. Гэвч Альцгеймерийн өвчин тархиа урьд нь идэвхтэй дасгалжуулж байсан настайчуудыг ч дайрч, түүгээр зогсохгүй өвчний явц нь бараг хоёр дахин хурдацтай явж байв.

Үүний сацуу Иэн Робертсон мэргэжил нэгтнүүдийнхээ сэтгэл санааг өөд татахад өөрийн хувь нэмрээ оруулжээ. Ой ухаан, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх дасгал хийвэл оюуны ажлын чадвар бүхэлдээ сайжирдаг болохыг тогтоохоор Эдриан Оуэний удирдсан, Британийн анагаах ухааны судалгааны зөвлөлийн тархи болон ухамсрын тухай шинжлэх ухааны салбарын эрдэмтэд нарийн судалгаа явуулсан байна. Эрдэмтэд оюуны ерөнхий чадавхийг дээшлүүлэхэд зориулан тусгайлан бүтээсэн компьютер тоглоомуудыг сонирхжээ.

Туршилтад 11 мянга гаруй хүн оролцсон байна. Сайн дурынхан оюуны чадавхийн шалгалтад орж, дараа нь зургаан долоо хоногийн турш өдөрт дор хаяж 10 минутын турш хийсвэр сэтгэлгээний тоглоом тоглох ёстой байв. Үүний үр дүн тэг гарчээ. Зөвхөн туршилтад оролцогчдын цаг заваа зориулж байсан даалгаврын гүйцэтгэлийн чанар нь л сайжирсан байна. Тэдний оюуны хөгжлийн ерөнхий түвшин урьдын хэвээр байсан бөгөөд оюуны тоглоом тоглоод хүрсэн “амжилт” нь ажил болон сурлагад нь огт нөлөөлөөгүй аж.

“Бидний боловсруулсан оюуны тоглоомын хөтөлбөрт оролцсон болон энэ хугацаанд интернэтэд цагийг өнгөрүүлж байсан хүмүүст статистик ялгаа гараагүй” гэж Оуэн мэдэгджээ.

Гэхдээ ийм маягаар цааш явбал тархинд оюуны ямар ч дасгал ашиггүй юм гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Энэ тийм биш, үгийн сүлжээ болон хийсвэр сэтгэлгээний тоглоомууд нэгэн янзын гэсэн онцлогтой. Үгийн сүлжээ бөглөгчид үгийн баялагтай, тэдгээрээс сонголт хийх чадвартай байдаг. Тоо тааж нөхөх, оньсого таах, хийсвэр сэтгэлгээний бодлогууд нь мөн адил зарчимтай. Түүнийг өөрийн болгосноор та дахин даалгаврыг гүйцэтгэхдээ түүртэхгүй болно. Харин уг үйлдэл тархины хувьд шинэ байхаа больдог.

2011 онд Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуулийн эрдэмтэд ямар ажиллагаа үнэхээр тархийг идэвхтэй байлгадгийг тодруулахаар судалгаа явуулжээ. Мэдрэлийн эмч Майкл Валенсуэл тэргүүтэй мэргэжилтнүүд гурван жилийн хугацаанд 60, түүнээс дээш насны 70 хүн дээр ажиглалт явуулсан байна. Тэдний оюуны үйл ажиллагааны түвшнийг тархины зураг, IQ-ийн шалгалт болон амьдралын хэв маягийг ажиглах замаар судалжээ. Ой санамжаа дасгалжуулахад бага цаг зарцуулдаг хүнийг идэвхтэй хүмүүсийнхтэй харьцуулахад тархины гиппокампынх нь тал нь алга болсон байв. Энэ судалгааны дүнг “PloS One” сэтгүүлд нийтэлжээ.

Доктор Валенсуэла тархины ажиллагаагаа идэвхтэй байлгах талаар анхаарлаа сулруулахгүй байхыг бүх насныханд зөвлөж байна. “Хийн дасгалаас эхлээд аялах хүртэлх ямар ч шинэ туршлага оюуны эрүүл мэндээ хамгаалахад тус болно” гэж тэрбээр хэлжээ. Гадаад хэл судлах нь тархины хамгийн сайн дасгал болдог байна. Олон улсын Олон улсын хэлүүд бүлгээрээ дотроо зарим талаар адил төстэй ч шинэ хэл эзэмших нь тархийг байнгын идэвхтэй ажиллагаанд оруулдаг. Гадаад хэлний дүрэм, авиа зүй, үгийн сан цоо шинэ мэдээлэл байдаг учир хичээл бүр нь шинэ мэдлэг өгдөг.

Жирийн харилцаа ч хүний оюуны эрүүл мэндийг дэмжиж байдаг. Олон тооны судалгаагаар нотолсноор, нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа нь ухаан санаа сэргэгээрээ урт наслах үндэс суурь аж. 2001 онд ах, дүү Брэдли болон Крейг Уилкокс доктор Макото Сузукигийн хамт дэлхий дээр хамгийн урт насалдаг Японы Окинава арлын оршин суугчдын амьдралын хэв маягийг 25 жил судалсан тухай тайлангаа нийтэлжээ. Эрдэмтэд ажиглалтынхаа тухай “Япончууд яагаад хөгширдөггүй вэ?” гэдэг нэртэй шинжлэх ухаан-танин мэдэхүйн номондоо бичсэн байна. Номын бүхэл бүтэн нэг бүлэгт Окинавагийн оршин суугчдын нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа болон харилцан бие биенээ дэмждэг тухай бичжээ.

Судлаачдын ажигласнаар, эндхийн хүмүүс аль ч насандаа төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө холбоо харилцаатай байж, сонирхлынхоо дагуу клубт элсэж, шинэ шинэ хоббитой болдог байна. Бэлэвсэрсэн өндөр настнууд үр хүүхдийндээ очих гэлгүйгээр бие даан аж төрөхийг илүүд үздэг аж.

“Өндөр настнуудын олонх нь өөрийн гэсэн сонирхол эсвэл зорилготой, түүгээрээ дамжуулан бие биетэйгээ байнгын харилцаатай байдаг. Нэг нь уламжлалт бухын тулаанд зориулан бух малладаг бол, нөгөө нь ардын хөгжим зааж, гурав дахь нь бүтэн өдрийн турш буддын сүмд ламын үүрэг гүйцэтгэж байна” гэж эрдэмтэд бичжээ. Эрхэлдэг ажил, сонирхлынхоо дагуу шинэ, хуучин найз нөхөдтэйгөө харилцаатай байдаг нь Окинавагийн хөгшчүүлийн хувьд ухаан санаа сэргэг, сэтгэл санаа өөдрөг хэвээр байхад тус болдог гэж судлаачид үзэж байна.

Тархинд шинэ сэтгэгдэл төрөх, дадал туршлагатай болох болон шинэ хүмүүстэй танилцах нь тустай аж. Оюуны энэ дасгалыг биеийнхтэй харьцуулж болох юм. Фитнессийн зааварлагчид нэгэн хэвийн ачаалалд булчингаа дасгахгүйн тулд дасгалаа байнга өөрчилж байхыг зөвлөж байна. Чөлөөтэй сэтгэж бодоход залхуурал болон амьдралын нэгэн хэвийн загвар саад болдог, харин үүний эсрэг үйл ажиллагааныхаа хэлбэрүүдийг шинэчилж, урьд мэдэхгүй байсан мэдлэгийн шинэ салбарыг судалж, бүр шинэ газарт очиж аж төрж болох юм.

Эх сурвалж: Монцамэ /З.Амгалан/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s